Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг долоо дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ.
2024 оны эхний гурван сард улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг 680 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэнийг Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Энэ нь нийт хэрэг, зөрчлийн 1.5 хувьтай тэнцэж буй, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тиймээс энэ удаагийн арга хэмжээг илүү өргөн хүрээнд, олон хүн хамруулан зохион байгуулж, хууль бус үйлдэлтэй тэмцэхээр болжээ. Цаг агаар дулаарч буй энэ үеэс уул уурхай, ой зэрэг олон салбарын үйл ажиллагаа идэвхжиж, иргэд орон нутаг руу зорчих нь ихэсдэг тул үүнийг дагаад хүрээлэн буй орчны эсрэг гэмт, хэрэг зөрчил ч нэмэгддэг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг өдийд эхлүүлэх нь тохиромжтой гэж үздэг аж.