Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачиллаа. Тус хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээллээ. Тэрбээр “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тус хуулийг 10.1.1 дэх шалтгаанаар нас барсан бол хүүхдийн тооноос үл хамааран цалинг нь бага хүүхдийг 18 нас хүртэл олгох заалтыг оруулж өгч байна. Өөрөөр хэлбэл, байлдааны талбар, энхийг дэмжих үйл ажиллагаа, террорист үйл ажиллагаа, буудлага хийх явц, аюулт хорт бодистой ажиллах, байгалийн гамшиг, осол, улсын хил, онц чухал обьектийг хамгаалж байгаад амиа алдвал дээрх заалт хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн ар гэрийнхэнд нь 80 м2 доторх байрыг олгох буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5000 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 300 сая төгрөгийн өртөг бүхий орон сууц олгох заалтыг оруулж өгсөн. Өнөөдрийн хуулиар 10 жилтэй тэнцэх үндсэн цалинг нэг удаа тэтгэмж байдлаар олгож байсан бол бага хүүхдийг нь 18 нас хүртэл сар бүр цалинг нь олгох юм” хэмээн онцоллоо.