Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурлаа. Шуурганы улмаас Увс аймгийн Сагил, Өмнөговийн Даланзадгад, Өвөрхангайн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан сумд есөн иргэн төөрч, сураггүй болсон дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн ажилтнууд хамтран есөн иргэнийг олсон байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангайн Хужирт, Өмнөговийн Ханбогд сумд шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ. Зарим газарт цаг агаарын аюултай үзэгдэл болж, салхи секундэд 24 метр хүрч ширүүссэн гэнэ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн нийт нутгаар салхи секундэд 14-18 м, түр зуур 18-23 м/с-д хүрч ширүүсэн, шороон шуурга шуурчээ. Мөн Дундговь аймагт цас орж, салхи зарим үед 24-28 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурсан байна. Элсэнтасархай-Хархорин чиглэлийн авто замд цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагджээ. Ихэнх нутгаар хүйтэрсний улмаас зам даваанд халтиргаа, гулгаа үүссэн тул ослоос сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Мөн Улаанбаатар хотод шороон шуурга шуурч, зарим барилгын дээвэр хууларсан байна.