Ш.Раднаасэд эрүүл мэндийн шалтгаанаар сонгуульд оролцох боломжгүй болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан энэ сарын 12-ны өдөр олон нийтэд түгээжээ. 2020 оноос Говь-Алтай аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүнэр сонгогдсон бол 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд "Нүүрсний хулгай"-д оролцсон байх магадлалтай гэж түүний нэрийг АТГ-аас газраас зарласан билээ. Тэрбээр “Алтай нутгийн ахан дүүс та нар минь надад итгэл хүлээлгэн Монголын төрд хоёр удаа түшээгээр сонгож, нутаг усныхаа төлөө зүтгэсэн он жилүүд ард үлджээ. Өнгөрсөн найман жил улс, орон нутгийн хөгжил, хүн зоныхоо төлөө амласан амлалтаа биелүүлж олныхоо итгэлийг алдахгүй гэж зорьж зүтгэсэн он жилүүд байжээ. УИХ-ын сонгууль дөхөөд нэр дэвших олон хүмүүс хязгаар нутгаар минь орж гарч байгаач нутгийнхан минь анир тавин намайг хүлээсэн хэвээр байгаа талаар та нарынхаа сүүлийн үед ирүүлж байгаа олон мянган мессэжүүд, ярьж байгаа түмэн зүйлүүдийг сонсоод, итгэлийг тань алдаагүйдээ баярлахын ялдамд тууштай зан чанарт тань мэхийн ёслож байна. Биеийн эрүүл мэндийн улмаас сонгуульд оролцох боломжгүй байгаа тул энэхүү зүйлийг бичиж сууна. Хэлж ирдэггүй хэнд ч тохиолдох өвчинөө давж гарахад цаг хугацаа багагүй орохоор байгаа тул энэхүү шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн хугацаанд аймгийнхаа сум, баг бүрт уулзаж учирсан нутгийн зон олон, өргөн үүдийг нь дэлгэн орсон ѳрх бүр, надад итгэл хүлээлгэсэн ахан дүүс та нартаа маш их баярлалаа гэж чин сэтгэлээсээ хамгийн түрүүнд хэлэх учиртай. Алтайчууддаа усыг нь дөхүүлж өгсөн. Олон хүн үл итгэсэн ч Алтай нутгийн иргэдийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болох сүүлийн 50 жилд шийдэл гарц олж амжаагүй байсан Алтай хотынхоо иргэдийг ундны цэвэр усаар хангах "Тайшир-Алтай” төслийг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлсэн. Монголд анх удаа гэж хэлж болохуйц гадаргын уснаас ган хоолойгоор 54 км холоос цэвэр ус татах төслийн ажилд ухаан бодлоо чилээж, гар бие оролцсон “Престиж Инженеринг” ХХК болон усны зөвлөх инженер Б.Ямпил, А.Оргилт, Б.Пүрэвжав болон Австри улсын “TрM” болон тэдний туслан гүйцэтгэгч “Сайрамбулган”компаний олон сайхан залуустай хамт Гэгээн нуураас ус татах түүхэн тохиол энэ биед оногдсонд их хувь гэж талархаж явдаг. Хамгийн сайхан нь нутгийхан минь элэг бүтэн байх эрүүл ус уудаг болсон нь чухал. Их бүтээн байгуулалт энэ бол ганц миний гавъяа биш.Говь-Алтай аймгийн хэмжээнд 2016-2024 оны хооронд өрнөсөн бүтээн байгуулалт 900 гаруй тэрбумаар хэмжигдэх бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтаар бүх сумдын боловсрол болоод эрүүл мэндийн салбарын барилга объектийг бүрэн шинэчлэхийн зэрэгцээ төрийн бүх байгууллагын барилга болон аймаг, сумдын төвийн дэд бүтэц, шугам хоолой, зам барилга, дэд бүтцийн ажил хийгджээ. Энгийн нэг жишээ хэлэхэд тоглож өссөн аймгийн төвийн “дээд тал“ 2016 онд эзгүй хоосон байсан бол жилээс жилд шинэ сургууль цэцэрлэгүүд , усан бассейн, музей, номын сан, хүүхдийн ордон, стадион гэх мэтчилэн олон сайхан барилга орон сууцаар эгнээ нэмэн уралдан тэлж, ард иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрдсэнийг харахад сэтгэлд таатай байдаг. Дахиад ч тэлэх учиртай. ( 2000 айлын дэд бүтэц газар доор бэлэн байгаа) Энэ дашрамд бүх сум, тосгон бүрт баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт заал, соёлын төв зэрэг бүхий л бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон барилгын компаниудад баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлье. Та нар л тэр цаг үеийн үйл явдал бүрийн их бүтээн байгуулалтын ажлын амьд домог болон үлдэх ёстой. 10 жил гацсан 253км зам. Мөн баруун аймгуудыг нийслэлтэй холбох 253 км замын их бүтээн байгуулалтын ажлыг гацаанаас гаргаж, ашиглалтанд оруулжээ. Миний хувьд их ч цаг хугацаа, сэтгэл зовинол дагуулсан ажил бол энэ зам байсан. Нутгаа гэсэн олон, олон хүний сэтгэл зүтгэлээр бүтсэн замын цор ганц гэрч нь болох хүний хувьд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Алтайчууд тусгайлан баярлаж явах ёстой. Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нар маань ч хоёргүй сэтгэлээр ажилласан. Тус замыг барьж байгуулсан "Макс" группынхандаа дахин баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Хийсэн, эхлүүлсэн зарим ажлуудын маань үр дүн удахгүй гарч дулааны станцаа ашиглалтад хүлээн авах, сумдаа авто замаар холбох, цахилгаан эрчим хүчний дутагдлаас ангижирч үйлдвэржсэн аймаг болох хөрс суурийг бүрэн тавьж чадсандаа баярлаж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажил болгонд тус дэм болсон нутгаа гэсэн сэтгэлтэй найз нөхөд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сум, багийн дарга нар, нутаг орноо гэсэн халуун сэтгэлээр цаг наргүй утсаар ярьж зөвлөдөг ахмадууд, малчиддаа баярлахгүй байхын аргагүй ээ. Энэ удаагийн сонгуульд нэр дэвших та бидний хамтдаа эхлүүлсэн их ажил үйлсийг үргэлжлүүлж чадах эрдэм боловсролтой, чадвар туршлагатай, ямагт багаараа байж чадах журмын нөхөддөө Алтай нутгыг минь улам хөгжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд хувь хүний хувьд ч зовлон туучсан хүндхэн сар өдрүүд өнгөрлөө. Огтоос хамаагүй хатгалаг, гүтгэлэгд ч хүртэл өртөж нэр цохуулж үзлээ. Нутгийн олон түмнийхээ итгэл найдварыг алдаагүй, элдэв хууль бус зүйлд холбогдолгүй гэдгээ албан ёсоор энэ дашрамд итгэл төгс илэрхийлж байна.
Эрүүл сайхан болоод Алтай нутгийнхаа хөгжлийн төлөө илүү ихийг хийж, бүтээх цэгцтэй хүсэл, дүүрэн бодол нутгийн хүүгийнх нь сэтгэлд бий” хэмээн дурджээ.