Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутагт 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Чулуут тул” НҮТББ загас үржүүлгийн зургаа дахь удаагийн ажлаа энэ сарын 15- наас эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус байгууллагынхан тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилготой “Чулуут тул-2030” төслийн хүрээнд Чулуут голд жил бүр мянга мянган жарамгай нутагшуулдаг билээ. Ингэхдээ Алтаад багийн нутаг дахь Алтаад голын эрэгт байгуулсан зориулалтын лабораторидоо жил болгоны энэ үеэс үржүүлэг, судалгаа шинжилгээгээ эхлүүлдэг. Тэгвэл өнөө жил загас үржүүлгийн ажлаа гурван сарын хугацаанд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ үед ашиглах сууц түрээслэх, түлш, малын мах зэргийг худалдан авах сонгон шалгаруулалтыг зарлажээ. Ташрамд дурдахад, “Чулуут тул”-ынхан 2018 оноос хойш зэвэг, хадрангийн 1.7 сая гаруй жарамгайг Сэлэнгэ мөрний эхэд нутагшуулсан бол өнгөрсөн жил 500 мянгыг голд тавьжээ.
Бэлтгэсэн: Ж.Ган