Монголын автомашины холбооны Удирдах зөвлөлийнхөн залуу тамирчдыг дэмжих зорилгоор уралдааны дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Энэ жилийн эхний гурван цуврал уралдаанд оролцсон тамирчдаас 44 нь идэвхийн болон амжилтын оноо авсан байна. Тэднээс 15 нь “Шилдэг залуу тамирчин”-аар шалгарахаар өрсөлдсөн юм. Тэмцээний шигшээ гараанаас барианд орсон эхний 10 тамирчинд идэвхийн болон амжилтын оноо олгов. Тухайлбал, “Мастер кросс”-т нэг удаа уралдахад тав, “Баха Монголиа”-д 10, “Мастер ралли”-д 20 оноо авах юм.
Ташрамд дурдахад, “Залуучууд мастер кросс” уралдаан хэд хоногийн өмнө болоход 71 тамирчин хурд сорьсноос Өмнөговь аймаг, “Хас вишн” ХХК, “VX racing” багийн тамирчин, 136 дугаартай Ө.Баярсайхан түрүүлсэн. Түүний араас нэхсэн оролцогчдоос “Монспэд”, “Төмөрт хүлэг” клубийн тамирчин, 107 дугаартай Ч.Батчулуун удаалж, “Vx racing”, “Lucas oil Mongolia”, “M garage”-ийн 94 дугаартай С.Мөнхтулга III байр эзэлсэн юм. Ивээн тэтгэгчийн шагналыг “Шар нарст” ХХК-ийн тамирчин, А7 дугаартай уралдсан Ч.Гантулга хүртэв.