Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа яамны холбогдох албан хаагчдын хамт Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын удирдлагын баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр, хуулийн дагуу хэргийг шуурхай шийдвэрлэхийн хажуугаар хохирогч хүүхдийн болон гэр бүлийн сэтгэлзүй, аюулгүй байдлыг сайтар анхаарч, хүүхдийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг онцгойлон захилаа.