Норвеги Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Сигнэ Брудесэт болон холбогдох албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 3-нд түүнийг хүлээн авч, уулзжээ. Уулзалтын хүрээнд Норвегийн тусламжийн байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Норвегийн тусламжийн байгууллага (NLM) нь “Хүүхдийн эрх" төсөл болон “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийг тус бүр хоёр үе шаттай 10 жил амжилттай хэрэгжүүлжээ. Сүүлийн таван жилд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил" төсөл хэрэгжүүлж, орон нутгийн хүүхэд, залууст зориулсан "Чөлөөт цагийн үйл ажиллагааны төв”-ийг байгуулан ажиллаж байна. Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга хэлэхдээ, "Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг хүүхэд рүү чиглүүлж байгаа" гэв. Нөгөө талаас Ховд аймагт хэрэгжиж байгаа төслийн эхний үе шат дуусаж байгаа ч дараагийн шатыг хэрэгжүүлж, илүү өргөн хүрээнд дэмжиж, хамтарч ажиллах болно гэдгийг онцолсон байна.