Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд, мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллуулж эхэлжээ. Эдгээр төвд хүүхэд, иргэд, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын ажилтнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, оношилгоо хийх болон гэр бүлийн боловсрол олгох шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, ШЕЗ, “Гүүд нэйборс” олон улсын байгууллага хамтран 2017 онд хэрэгжүүлсэн “Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах” төслийн хүрээнд дээрх төвийг байгуулжээ. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх “Шидэт толь” хэмээх гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг стандарт шаардлагын дагуу тохижуулжээ. Үйлчилгээ авахыг хүсвэл тус газрын 102 тоот өрөөнд ажлын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд очих боломжтой юм байна.
Бэлтгэсэн Ч.Болор