Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш Финланд-Оросын харилцаа эрс муудсан. Уг дайны улмаас Финланд улс олон арван жил сахиж ирсэн эвсэлд үл нэгдэх гадаад бодлогоосоо татгалзаж, Умард Атлантын цэргийн эвсэлд нэгджээ. Үүнийхээ төлөө ноцтой үр дагавар амсахыг Оросын эрх баригчид Финландын талд анхааруулсаар байгаа юм. Мөн сүүлийн жилүүдэд Оросын талаас хууль бус цагаачид Финландын хилээр нэвтрэх нь нэмэгдсэн. Үүнийг Оросын эрх баригчдын санаатай явуулга гэж Финландын тал үздэг ч Москва уг сэжгийг няцаасаар ирсэн.
Хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж буйтай холбоотой Финланд улс ОХУ-тай залгаа хилээ тодорхойгүй хугацаагаар хаах болсноо өчигдөр зарлажээ. НАТО-д гишүүнээр элсээд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа тус улс ОХУ-тай 1340 км урт шугамаар хиллэдэг юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур Финландын эрх баригчид хилээ анх хааж байжээ. Наймдугаар сараас хойш дөрвөн сарын хугацаанд 1000 орчим хууль бус цагаач Оросын талаас ирсэн тухай мэдээлж байв.
Өнгөрсөн хугацаанд хил хаах хугацаагаа хэд хэдэн удаа сунгаж, дөрөвдүгээр сарын 14 хүртэл болгосон. Харин энэ удаа тодорхойгүй хугацаагаар сунгаж байна.Ингэхдээ бас хуурай газрын боомтуудаас гадна Хаапасаари, Нуияамаа, Сантио зэрэг тэнгисийн боомтуудыг бас нэмж хаана. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хойш визгүй гадаадын иргэд зөвхөн тодорхой тооны тэнгисийн боомтууд болон нисэх буудал дээр орогнол хүсэх боломжтой юм.
Эх сурвалж: Reuters