Зэвсэгт хүчний сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд амжилттай зохион байгуулагдсаар байна. Нэгдсэн хээрийн гаралтыг мотобуудлага, төрөл мэргэжлийн ангиудын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, бэлэн байдлын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, харилцан суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа билээ.
Зэвсэгт хүчний таван нэгтгэл, ангийн нэгдсэн хээрийн сургуулийн нэгэн онцлох үйл явдал нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн шөнийн харвалт, буудлага байсан юм. Зенитчин дайчид 4 дүгээр сарын 02-ны өдрийн шөнө үндсэн үүрэг болох шөнийн харвалт буудлагыг гүйцэтгэж, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид цөм онцгой мэргэн байсан нь сургуулийн гол үр дүн байв.
Зенитчдийн шөнийн харвалт, буудлагыг тус ангийн хээрийн байрлалын галт байрнаас зенит-артиллерийн дивизоны захирагч дэд хурандаа Б.Гэрэлтбадрал удирдан явуулсан бөгөөд тэрээр Зэвсэгт хүчинд 20 гаруй жил алба хааж зенитийн мэргэжлийн ахлах офицер ажээ.
Дэд хурандаа Б.Гэрэлтбадрал “Буудлага амжилттай явагдсанд баяртай байна. Хуучин цагт хээрийн гаралт доод талдаа 14 хүртэлх хоног байлаа. Тэр үед хугацаат албаны дайчдаа багагүй хугацаанд бэлтгэсний дараа буудуулдаг байсан бол энэ цаг үед ердөө 72 цагийн дараа буудлагыг гүйцэтгэж, тэгээд бүр мэргэн буудаж байгаа нь хамгийн чухал. Манай офицер, ахлагч, хугацаат алба хаагчид төлөвлөгөөний дагуу бэлтгэл сургалтаа сайтар хангаж, үр дүнгээ мэргэн буудлагаар харсандаа баяртай байна” гэлээ. Тэрээр зенитчин хүн өвөл зун, өдөр шөнийн ямар ч нөхцөлд явдал дундаа агаарын целийг эрж илрүүлээд, цель, сум хоёрын уулзах цэгийн өгөгдөхүүнүүдийг маш богино хугацаанд тооцоолон бодож, буунуудаа автоматаар чиглүүлж целийг устгаж чаддаг байх ёстой гэж тодотгож байв.
Буудлагыг амжилттай гүйцэтгэсэн олон олон алба хаагч байсны заримыг нь дурдвал батарейны захирагч ахлах дэслэгч Д.Бат-Эрдэнэ, салааны захирагч дэслэгч Ц.Цогжаргал, сургагч ахлагч Б.Ганзориг нар байв.
Ахлах дэслэгч Д.Бат-Эрдэнэ батарейгаараа мэргэн буудаж, зенитчин дайчдын хамгийн хүндтэй шагнал болох “Алтан хонгио”-г хээрийн байрлалд хүртснээ баяртайгаар өгүүллээ. Тэрээр 2020 онд батарейгаараа “Мөнгөн хонгио”-г хүртэж байсан бол энэ удаа алт болгосон хөдөлмөр зүтгэлтэй салааны захирагч нар, хугацаат албаны дайчдаараа бахархаж байна гэв.
Салаагаараа онц мэргэнээр тодорсон дэслэгч Ц.Цогжаргалын хувьд 2023 онд ҮБХИС-ийг төгссөн, ажлын гараагаа мэргэжлийн ангиасаа эхлүүлсэндээ баяртай явдгаа дурдаж, цаашид хамгийн сайн зенитийн офицер болох зорилго тавьснаа дуулгав.
Сургагч ахлагч Б.Ганзориг Зэвсэгт хүчний 18 дахь жилдээ алба хааж байгаа, буудлага, харвалтын үед хоёр зарчмыг л баримталдаг гэнэ. Нэгт аюулгүй байдал, хоёрт онч мэргэн буудах гэж хариулна лээ. Тэрээр өмнө нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байсан, энхийг сахиулах ажиллагаанд 4 удаа үүрэг гүйцэтгэсэн байна.
“Алтан хонгио”-гоо тэврээд баяртайгаар гүйж явсан хугацаат албаны дайчдаас төлөөлөл болгож ахлах байлдагч Х.Азжаргал, байлдагч Л.Нарансүх нарын сэтгэгдлийг хуваалцахад хоёул Хэнтий аймгаас ирсэн гэнэ. Зенитийн мэргэжлийн ангид алба хааж, тэгээд онцгой содон буудлага гүйцэтгэж сурсандаа, хээрийн талбарт эр хүн гэдгээ мэдэрч яваагаа тэд бахархан өгүүлж байсан юм.
Ахмад Д.БОЛОРМАА, гэрэл зургийг дэд ахлагч Ө.ТЭМҮҮЖИН