Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолоор Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн “Ажлын алба”-ыг байгуулсан билээ. Тэгвэл тус ажлын алба өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа.
Хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн Дэд тэргүүн Х.Булгантуяа болон Соёлын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Дэд тэргүүн Ч.Номин нарын удирдлагаар зохион байгууллаа.
Хуралдаанаар:
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан;
- Засгийн газрын “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоолын хэрэгжилт;
- “Go Mongolia” залуучуудыг соён гэгээрүүлэх аян;
- Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус, тус танилцуулав.
Засгийн газар нь 2016 оноос эхлэн хүн амын хамгийн том бүлэг болох өсвөр үе, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн билээ. Эдгээр нь залуусын зүгээс талархал, дэмжлэг хүлээсэн ч цаашид сайжруулах шаардлагатай асуудлууд байгааг дээрх хуралдаанаар хэлэлцлээ.
Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөл нь энэ онд өсвөр үе, оюутан, залуучууд, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр 15 үйл ажиллагааг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тодруулбал, залуучуудын суурь судалгааг хийх ажлыг эхлүүлж, цаашдаа бодлого, үйл ажиллагаагаа илүү шинжлэх ухаанчаар харж, оновчтой төлөвлөлт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьжээ.
Өсвөр үеийн төлөөлөл болох ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хорт зуршил, буруу дадал хэвшлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл хөдлөлөө удирдах, сэтгэл зүйн боловсрол олгох болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих ганцаарчилсан болон бүлгийн сургалт, нөлөөлийн ажлыг мөн хэрэгжүүлэх юм. Түүнчлэн, хүний эрхийн үе тэнгийн сургагч багшийг бэлтгэж, үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд буй.
Үүнээс гадна, оюутан суралцагчдын төлөөлөл болох их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зориулан оюутан залуучуудын хөгжлийн Хаб төвүүд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Карьер хөгжлийн төвүүдийг байгуулж, оюутны цагаар хөдөлмөрлөх, сайн дурын ажил хийх, мэргэжлээрээ цалинтай дадлага хийх болон сэтгэлзүйн, хөдөлмөрийн харилцааны зөвлөгөө мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.
Мөн оюутан залуучуудын өмнө тулгамдсан 10 чухал асуудлыг залуусын оролцоотой тодорхойлж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх Залуучуудын хөгжлийн үндэсний 10 дугаар чуулган болон Оюутны чуулга уулзалтуудыг зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахаар боллоо.
Залуу гэр бүлийг дэмжсэн орон сууцны бодлогыг эрчимжүүлж, гэр бүлийн харилцаа, санхүү төлөвлөлтийг дэмжих ажлыг зохион байгуулж, хөдөлмөрлөх, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг ч энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн юм.