Пүрэв гарагт Нью Йоркийн шүүх Сэм Банкман-Фридийг өөрийн үүсгэн байгуулсан FTX криптовалют биржийн үйлчлүүлэгчдээс 8 тэрбум доллар хулгайлсан хэргээр 25 жилийн хорих ял оноолоо. Энэ тухай BBC мэдээлэв.
Хоёр цаг үргэлжилсэн шүүх хурлын дараа дүүргийн шүүгч Льюис Каплан өөрийн FTX биржийн үйлчлүүлэгчид алдагдал хүлээгээгүй гэсэн Банкмен-Фридийн мэдэгдлийг няцааж, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ. Каплан мөн Банкмен-Фрид хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байгааг онцолсон байна.
Шүүх хурлын үеэр Банкмен-Фрид биржийн үйлчлүүлэгчид үнэн хэрэгтээ хохирмон гэдгийг хүлээн зөвшөөрч, тэр байтугай хуучин ажлын хамт олноосоо уучлалт гуйсан ч гэм буруугаа хүлээгээгүй байна. Тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдэв.
"Түүний санаатай дуусашгүй худал яриа нь үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтийг үл тоомсорлож, хууль дээдлэх ёсыг үл хүндэтгэж байгааг харуулж байна" гэж Манхэттены прокурор Дэмиан Уильямс мэдэгдэлдээ дурджээ.
Банкмен-Фридийн хуучин хамтран ажиллагсад гэрчийн мэдүүлэг өгөхдөө тэрээр “Alameda Research”-ийн алдагдлыг нөхөхийн тулд FTX-ийн үйлчлүүлэгчдийн мөнгийг ашиглахыг тэдэнд даалгасан гэж мэдэгджээ. Тэд луйвар хийсэн хэргээ хүлээсэн байна.
Массачусетсийн Технологийн Их Сургуулийг төгссөн Банкмен-Фрид 30 нас хүрээгүй байхдаа криптовалютын өсөлтийн үеэр 26 тэрбум долларын хөрөнгөтэй болсон гтухай Forbes сэтгүүл бичиж байжээ.
Тэрээр авъяаслаг залуусыг их мөнгө олж, зохистой үйлсэд зориулахыг уриалдаг үр ашигтай альтруизм хөдөлгөөний үнэнч дагалдагч байсан юм.
Тэрээр мөн АНУ-ын Ардчилсан намд хамгийн том хандивлагчдын нэг байжээ.
Харин прокуроруудын үзэж байгаагаар түүний энэ төлөвшсөн мэт дүр төрх нь үйлчлүүлэгчдийн мөнгийг олон жилийн турш хулгайлж байсныг нуух зорилготой байв.
Криптовалютын FTX бирж нь 2022 онд дампуурахаас өмнө 32 тэрбум доллараар үнэлэгдэж байжээ.
Шүүгчийн хэлснээр FTX-ийн үйлчлүүлэгчид 8 тэрбум доллар, FTX-ийн хувьцааны хөрөнгө оруулагчид 1.7 тэрбум доллар, Банкман-Фридийн үүсгэн байгуулсан Alameda Research эрсдэлийн сангийн зээлдэгчид 1.3 тэрбум доллараа алджээ.