2022 онд дэлхий даяар 783 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүн төрөлхтний гуравны нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарч байхад өдөрт 1 тэрбум порц хоол хаягдаж байжээ. Энэ тухай НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайланд дурдсан байна.
Хогийн цэгт хаягдсан нийт хүнсний бүтээгдэхүүний 60 хувийг айл өрх, 28 хувийг нийтийн хоолны газрууд, 12 хувийг жижиглэнгийн худалдаа эрхлэгчид эзэлж байна.
"Хүнсний хог хаягдал бол дэлхийн эмгэнэл юм. Өнөөдөр дэлхий даяар хоол хүнсасар ихээр хаягдаж байгаа учир, олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх болно. Энэ нь нийгэмд ноцтой асуудал болоод зогсохгүй уур амьсгал, байгальд ихээхэн хохирол учруулж байна" гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен хэлэв.
Мөн хүнсний хог хаягдал нь зөвхөн хөгжингүй орнуудын тулгамдсан асуудал биш юм. Өндөр болон дунд орлоготой орнуудад нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээ жилд ердөө 7 кг-аар ялгаатай болохыг тогтоожээ.
Мөн халуун уур амьсгалтай орнууд сэрүүн уур амьсгалтай орнуудаас илүү их хоол хүнс хаядаг, учир нь хоол хүнсээ муудахаас нь өмнө хадгалах, тээвэрлэхэд иаш их асуудалтай тулгардаг.
Сүүлийн үеийн мэдээллээс харахад хүнсний хог хаягдал нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 8-10 хувь буюу агаарын тээврийн салбараас бараг тав дахин их, мөн хөдөө аж ахуйн бараг гуравны нэгтэй тэнцэх газар нутгийг хамарсанаар биологийн төрөл зүйл ихээхэн хэмжээгээр алдагдаж байгааг харуулж байна. Хүнсний хог хаягдал нь дэлхийн эдийн засагт учруулах хохирол нь ойролцоогоор нэг их наяд доллараар хэмжигдэж байгааг тайланд онцолжээ.