Дэлхийн нэр хүндтэй томоохон тэмцээний нэг болох “Арнольд классик” хүч, тулааны фестивальд олон орон амжилт гаргасан тамирчдаа илгээн, авьяас, ур чадвараар нь өрсөлдүүлдэг. Монголын модон барилдааны холбооны олон улсын шүүгч Б.Даариймаа Бразил улсын Санпаула хотод ирэх сарын 4-8-нд зохион байгуулах дээрх фестивалийн тэмцээнийг шүүхээр болжээ. Тэрбээр тив, дэлхийн болон олон улсын тэмцээнийг нэг бус удаа дэнсэлсэн туршлагаараа шилдэг шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.
Түүнчлэн тус холбооны олон улсын шүүгч С.Тэлмэн зургаадугаар сарын 25-аас долоодугаар сарын 7 хүртэл ОХУ-ын Саха улсын Якут хотод үргэлжлэх “Азийн хүүхдүүд” олон улсын VIII их наадмын ерөнхий шүүгчээр томилогджээ. Тэрбээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байв. Ташрамд дуулгахад, дэлхийн нүүдэлчдийн V их наадамд Монголын модон барилдааны баг тамирчид бүрэлдэхүүнээрээ оролцох нь. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг эл наадам Казахстаны Астана хотод ирэх есдүгээр сарын 8-14-нд болно.