Түрэгийн өв соёлтой танилцах виртуал арга хэмжээ энэ сарын 27-28-нд болох ажээ. Үүний хүрээнд “Түрэгийг хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын тэмцээн болох юм байна. Тус арга хэмжээ нь виртуал орчинд эртний нүүдэлчдийн бичиг үсэг төдийгүй Төв Азийн улсуудын археологийн судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан Хөшөө цайдмын бүлэг дурсгал, Билгэ хааны тахилын онгон, тэндээс олдсон үнэт олдворуудтай танилцах боломж бүрдүүлснээрээ онцлогтой. Тухайлбал, эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, зөвлөгөөнд тулгуурлан Билгэ хааны тахилын онгоныг компьютер графикийн арга ашиглан сэргээн бүтээжээ. Хэрэглэгчид дэлхийн хаанаас ч ухаалаг утас болон компьютер дээрээ“Guyuk метаверс” аппликейшнийг суулгаад, түүх, өв соёлын эдгээр дурсгалтай шинэлэг байдлаар танилцахаараа онцлог юм. Мөн энэхүү виртуал музейгээр хүссэн үедээ зочлох боломжтой.
“Guyuk метаверс” нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын хааны ордон, Цогт их сүм, Монголын нэрт соён гэгээрүүлэгч Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн виртуал музей, Цогт хунтайжийн Цагаан байшин, Дуутын хадны бичээс зэрэг түүхийн дурсгалт олон бүтээлийг сэргээн бүтээж, цахим орчноор дамжуулан олны хүртээл болгож байсан билээ.
Бэлтгэсэн У.Цэцэг