Их Британийн хаан ширээг залгамжлагч, хунтайж Уильямын гэргийн Уэльсийн гүнж Кейт Миддлтоны эмчлүүлж байсан Лондонгийн хувийн эмнэлгийн ажилтнуудыг шалгаж байгаа тухай Daily Mirror сонин мэдээлэв.
Тэднийг хатагтай Миддлтоны эрүүл мэндийн мэдээлэлд нэвтрэхийг оролдсон гэж сэжиглэж байгаа гэж хэвлэлд бичсэн байна.
Тус сонины бичсэнээр эмнэлгийн ажилчдын нэг нь гүнжийн мэдээллийг харж байгаад баригджээ.
"Ажилтан файлд нэвтэрсэн, эмнэлгээс гадуур хэн нэгэнтэй хуваалцаж чадсан эсэх нь тодорхойгүй байна" гэж мэдэгджээ.
Үндэсний эрүүл мэндийн байгууллага болон хувийн эмнэлгийн ажилтан тухайн байгууллагын мэдээллийн хянагчаас зөвшөөрөл авалгүйгээр өвчтөний эрүүл мэндийн бүртгэлтэй танилцах нь эрүүгийн гэмт хэрэг болохыг сонинд тэмдэглэжээ.
Кейт Миддлтон хэвлийн хөндийн мэс засал хийлгэсэн тухай Кенсингтоны ордон 1-р сарын 17-нд мэдэгдсэн юм. Мэс заслал хийлгэх болсон шалтгааныг тодорхой заагаагүй бөгөөд "эрүүл мэндийн хувийн мэдээллийг нь нууцлахыг" Уэльсийн гүнж өөрөө хүссэн гэж мэдэгдэлд онцолсон юм.
Кейт Миддлтонтой холбоотой төлөвлөсөн бүх арга хэмжээ хойшлогдсон бөгөөд эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Улаан өндөгний баяраас нааш хааны албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байх гэж мэдэгджээ.
Уэльсийн гүнж олны өмнө гаралгүй хоёр сар болж байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн талаар хэвлэлд олон янзын таамаг явах болсон юм.