Нидерландын Гааг хотноо төвлөрдөг Олон улсын эрүүгийн шүүх үйл ажиллагаагаа 2002 оны долоодугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлжээ. Энэ нь байнгын ажиллагаатай олон улсын анхны шүүх юм. Төв байр нь Гааг хотод байдаг ч шүүх хуралдаанаа хаана ч хийж болдог. Үүнийг НҮБ-ын олон улсын шүүхтэй андуурах гээд байдаг. Тус шүүх мөн Гааг хотноо хуралдаанаа хийдэг аж.
Японы иргэн, 67 настай хатагтай Аканэ Томоко Олон улсын эрүүгийн шүүхийн даргаар сонгогдож, энэ сарын 11-нд үүрэгт ажилдаа оров. Түүний бүрэн эрхийн хугацаа гурван жил юм.
Аканэ 1956 онд төрж, Токиогийн их сургуульд сурч, хуульч мэргэжил эзэмшээд, ажлын гараагаа 1982 онд прокурор хийж эхэлсэн байна. Янз бүрийн албан тушаалд, тухайлбал, Хууль зүйн яамны Сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Ерөнхий прокурорын газар прокурор, 2005-2006 онд Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны Департаментийн захирал, 2010-2012 онд дүүрэг, мужийн прокурор зэрэг ажил эрхэлж байгаад Дээд шүүхийн шүүгч болов. Тэрбээр 2018 онд Гааг дахь Олон улсын шүүхийн шүүгч болсон байна. Энэ албанд сонгуулахаар түүний нэрийг 2016 оны хавар дэвшүүлсэн аж. Аканэ Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн хувиар хэргийг шүүхээр хэлэлцэхийн өмнөх мөрдөн шалгах ажлыг хийдэг байв. Тус шүүхийн зөвлөл нь байгууллагаа стратегийн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээдэг. Мөн дэлхийн улсууд хийгээд олон улсын байгууллагатай хамтран ажиллах эрх эдэлнэ.
Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхийн төлөөлөгчийн газар Украинд байгуулах тухай баримт бичигт тус улсын ерөнхий прокурор Андрей Костин, дээрх шүүхийн нарийн бичгийн дарга Питер Льюис нар гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. “Энэ бол зөвхөн эхлэл. Украины эсрэг үйлдсэн олон улсын гэмт хэрэгт буруутай бүхэн хариуцлага хүлээтэл бид үйл ажиллагаагаа зогсоохгүй. Үүнд ОХУ-ын одоогийн дэглэмийн цэрэг-улс төрийн дээд удирдлага багтана” гэж Костин хэлсэн байна.
Орос, Украины дайны үед украин хүүхдүүдийг эзлэгдсэн нутгаас нь хууль бусаар Орост аваачсаны учир Ерөнхийлөгч Владимир Путин болон хүүхдийн эрхийн бүрэн эрхт төлөөлөгч, хатагтай Мария Львова Белова нарыг баривчлах шийдвэрийг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Аканэ Томоко, Розарио Айтала нар 2023 оны гуравдугаар сарын 17-нд гаргасан юм. Үүний хариу болгож Аканэ болон Олон улсын эрүүгийн шүүхийн бусад шүүгчдийн эсрэг эрүүгийн хэргийг Оросын мөрдөн шалгах хороо гурав хоногийн дараа үүсгэж улмаар тэднийг баривчлах, эрэн сурвалжлах шийдвэр гаргав.
Аканэ Томоко
Оросын Ерөнхийлөгч үйлдсэн хэргийнхээ төлөө биечлэн хариуцлага хүлээх зайлшгүй үндэслэл бий гэсэн тайлбарыг Олон улсын шүүх хийсэн байдаг. Түүнээс гадна Украин руу Орос довтолсонтой холбогдуулж өөр хэд хэдэн хүнийг баривчлах зөвшөөрөл олгохыг Олон улсын эрүүгийн шүүх төлөвлөж буй талаар “New York times” мэдээлсэн байв. Украины иргэний зориулалттай байгууламжид урьдаас төлөвлөж цохилт өгсөн гэж Оросыг тус шүүх бас буруутгаж буй аж. Тэгээд Оросын Агаар-сансрын хүчний алсын нисэх хүчний командлагч Сергей Кобылаш, Хар тэнгисийн флотын командлагч Виктор Соколов нарыг баривчлах шийдвэр гаргасан байдаг. Тэднийг 2022 оны аравдугаар сарын 10-наас 2023 оны гуравдугаар сарын 9-нд үйлдсэн цэргийн гэмт хэрэгт сэжиглэжээ. Энэ шийдвэрийг мөнөөх Аканэ Томоко, Розарио Айтала нар гаргасан байна. Олон улсын эрүүгийн шүүхийн мэдээнд дурдсанаар бол Кобылаш, Соколов нарыг дээрх хугацаанд Украины эрчим хүчний дэд бүтцэд пуужингаар цохилт өгсний хариуцлагыг хүлээх ёстой гэж үзсэн аж. Эдгээр цохилт энгийн хүн ардад үлэмж хохирол учруулсан гэж Олон улсын эрүүгийн шүүхийн мэдээнд дурджээ.
Цэргийн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, Украины газар нутагт байлдагч аль ч талын үйлдсэн хоморголон хядах үйлдлийг мөрдөн шалгах ажил Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхийн үүрэгт багтаж буй. Оросын өндөр албаны болон цэргийн алба хаагчдыг хариуцлагад татах өөр механизмууд бий болгох боломжийг Украин болон бусад улс эрэлхийлж байна. Тэгвэл Украинд цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэх буруутгалыг Оросын цэрэг-улс төрийн дээд удирдлага үгүйсгэж байгаа юм. Гэвч Оросын энэ байр суурийг үл ойшоон Украинд түрэмгийлэн цөмөрснийх нь төлөө Путинийг шүүхээр тусгай шүүх байгуулаад буй аж. Тэгэхдээ Оросын үйлдсэн гэх цэргийн олон мянган гэмт хэргийн талаар Украин мэдээлдэг ч хүн хүчний болон санхүүгийн нөөц боломжоос шалтгаалж Олон улсын эрүүгийн шүүх тэдгээрийн тун бага хэсгийг л авч үзэх боломжтой юм.
Гаагийн шүүх эчнээгээр ял оноодоггүй. Өөрөөр хэлбэл, шүүх хурал болохын өмнөх үйл ажиллагааны үед шүүгдэгч этгээд Гааг хотноо өөрийн биеэр саатуулагдсан байх ёстой аж. Тус шүүхийн шийдвэр хугацаагүй үйлчилдэг бөгөөд уг тогтоолд аль нэг улсын Төрийн тэргүүн ч хамрагдана. Тодруулбал, Төрийн тэргүүний дархан эрх энэ шүүхийн тогтоолд нөлөөлдөггүй. Судан улсын Ерөнхийлөгч асан Омар аль-Баширыг олон хүний амь хөнөөсөнд буруутган баривчлах шийдвэр гаргаж байсан юм.
Одоогийн байдлаар Ромын статутыг баталсан, Олон улсын эрүүгийн шүүхийн эрхийг хүлээн зөвшөөрсөн 123 улсад Путин очиж чадахгүй болоод байгаа. Эдгээрт Европын бүх улс, Өмнөд Америк бүхэлдээ (түүний дотор Оросын холбоотон гэгддэг Венесуэл зэрэг улс орж буй), Тажикистан, Афганистан, Бразил, Өмнөд болон Төв Америкийн БНУ, Нигери багтсан. Гэхдээ баривчлах, эсэхийг тухайн улс өөрөө шийднэ.
Шүүхийн өмнө өөрөө сайн дураараа очих боломж хэнд ч, түүний дотор Путинд ч бий. Ийм тохиолдол ердөө хоёр байсан нь Кени улсын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар юм.
Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрсөн, Ромын статутын гишүүн улсууд сэжигтнийг баривчилж, шүүхэд өгөх үүрэг хүлээдэг. Харин аль ч улсыг үүргээ биелүүлэхийг албадах ямар нэг арга хэрэгсэл Олон улсын эрүүгийн шүүхэд байхгүй юм. Энэ үүднээс Оростой агаарын тээврийн харилцаатай Тажикистан улс сэжигтэн этгээдийг баривчлах үүрэг хүлээсэн. Гэвч 10 гаруй жилийн өмнө баривчлах шийдвэрт хамрагдсан Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир янз бүрийн оронд болсон арга хэмжээнд оролцсоор буй ч түүнийг одоо хэр нь аль ч улс баривчлаагүй. Үүний адилаар Ромын статутын гишүүн орон байлаа ч Путинийг баривчлаа ч уу, үгүй ч үү. Путин ч тийм улсад очлоо гэж үү? Орос улс өөрөө Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагааны үндэс болж буй Ромын статутын гишүүн биш. Тиймээс уг шүүхэд туслах үүрэг хүлээдэггүй юм. Тэгэхлээр Путинийг аль нэг улс баривчилж Олон улсын эрүүгийн шүүхэд тушаана гэдэг юу л бол.
“Төрийн тэргүүнийг баривчлах шийдвэр бол үр дагавар ихтэй, зоригтой алхам. Гэхдээ дархан эрх гэдгийг хариуцлага хүлээхгүй байхтай хутгаж ойлгож болохгүй. Оросын холбогдох байгууллагууд гэмт хэрэгт сэжиглэгдсэн гадаадын иргэнийг Орост баривчилна гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Нэг оронд ийм эрх байвал Ромын статутын гишүүн 123 улс ч уг эрхийг эдлэх болно” гэж Копенхагений их сургуулийн олон улсын эрхийн асуудлаарх шинжээч Глеб Богуш, Кевин-Йон Хеллер нар үзэж байна.
Эцэст нь тэмдэглэхэд, Владимир Путинийг баривчлах зөвшөөрөл олгосон Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхэд хариуцлага тооцохыг Оросын Төрийн думын дарга Вычеслав Володин санал болгов. Тэрбээр “Манай улсын нутаг дэвсгэр дээр Олон улсын эрүүгийн шүүх аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон өөрчлөлт хуульд оруулж, энэ шүүхтэй хамтарч ажилласан, дэмжсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг бий болгох нь чухал болжээ” гэж телеграм сувагтаа бичжээ.
Түүнчлэн Гаагийн олон улсын шүүхтэй хамтран ажиллаж, түүнд туслалцаа үзүүлэхээс татгалзсан нөхөрсөг харилцаатай улсуудтай хоёр талын хэлэлцээ хийх ажил зохион байгуулах нь зүйтэй гэж Володин үзсэн байна. Оросын Үндсэн хуульд харшилсан шийдвэр олон улсын ямар нэг бүтэц гаргасан тохиолдолд орос хүмүүсийг хамгаалахаар “аливаа үйл ажиллагаа явуулах эрх” Путинд байх ёстой гэж Төрийн думын дарга бичжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант