Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор долоо дахь жилдээ дараалан шалгарсан тухай Дэлхийн аз жаргалын тайланд дурджээ. Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-аас уг тайланг жил тутам танилцуулдаг уламжлалтай. Финландын дараа Дани, Исланд, Швед бичигдсэнээр Скандинавын орнууд хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний байруудад хэвээр байна. Харин 2020 онд талибуудын хяналтад орсноор хүмүүнлэгийн сүйрэлд нэрвэгдээд буй Афганистан улс 143 орныг хамарсан жагсаалтын сүүлийг мушгилаа.
Дэлхийн аз жаргалын тайланг 10 гаруй жилийн өмнөөс гаргаж эхэлснээс хойш АНУ, Герман улсууд анх удаа хамгийн аз жаргалтай 20 орны тоонд багтаагүйн дээр 23 ба 24-рт бичигджээ. Харин Коста-Рика, Кувейт эхний 20-д багтан 12, 13 дугаарт жагссан байна. Аз жаргалтай улс орнуудын тоонд хамгийн олон хүн амтай улсуудын аль нь ч багтаагүй байгаа нь анхаарал татна. Тодруулбал, эхний 10-т бичигдсэн орнуудаас зөвхөн Нидерланд, Австрали хоёр 15 саяас дээш хүн амтай. Эхний 20-д орсон улсуудаас зөвхөн Канад, Их Британи хоёр 30 саяас дээш хүн амтай байна.
Аз жаргалын түвшний үзүүлэлт 2006-2010 оноос хойш хамгийн их буурсан орнуудад Афганистан, Ливан, Йордан орсон бол Серби, Болгар, Латви зэрэг Зүүн Европын орнуудад хамгийн ихээр нэмэгджээ. Уг үзүүлэлтийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн хангамж, дундаж наслалт, хүмүүсийн өглөгч өгөөмөр байдал, эрх чөлөө, авлига зэрэгт үндэслэн гаргадаг. “Финландчууд байгальтай ойр байж, ажил амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалдаг нь гол нөлөө үзүүлдэг” гэж Финландын Хельсинкийн их сургуулийн аз жаргал судлаач Женнифер Де Паола онцоллоо.