Исланд улсад сүүлийн гурван сарын хугацаанд дөрвөн удаа онц байдал зарлалаа. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болж, халуун лав нь ойролцоох суурин газар руу урсан оржээ. Үүний улмаас зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байна. Тиймээс оршин суугчдад аюул учраагүй хэмээн эрх баригчид мэдэгдлээ.
Харин галт уулын халуун хайлмаг 43 дугаар замыг дарж урсаад буй. Энэхүү зам нь Исландын алдарт “Blue lagoon” халуун рашаан руу хүргэдэг. Ийнхүү тус замаар зорчих боломжгүй болсон нь тус халуун рашаан болон туйлын туяа үзэх жуулчдын аялалыг цуцлахад хүргэжээ. Тус халуун рашаан нь дэлхийд алдартай бөгөөд жуулчдын очих дуртай газруудын нэг билээ.