Монголын хөгжөөн дэмжигчдийн холбооноос зохион байгуулсан, аймаг бүс, Улаанбаатар хотын зургаан дүүргийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд 95 багийн сурагчид дасгалжуулагч багшийн хамт оролцлоо. Авьяас, ур чадвараа сорьсон багуудаас Д.Бат-Эрдэнэ багштай Сүхбаатар дүүргийн “Болор шигтгээ” хамтлагийнхан 14 хүртэлх насныхны хип хоп, пом төрөлд хос алтан цомын эзэн болов. Тус хамтлагийн С.Мөнгөнбагана, Г.Жамъянпүрэв нар 18 хүртэлх насныхны залуучуудын ангилалд оролцож түрүүлжээ. Тэгвэл Б.Батдэлгэр дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн “Сүүн гэгээ” багийнхан найм, 12, 18 хүртэлх насныхны хип хоп, жазз төрөлд тэргүүлжээ. Уг дүүргийн Л.Золзаяа дасгалжуулагчтай “Содон”-гийнхон 14, 18 хүртэлх насныхны хип хоп болон нээлттэй хос төрөлд тус бүр тэргүүн байр эзэлжээ. Тэгвэл Б.Нандинцэцэг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн “Гялбаа”-гийн бүжигчид найм, 12 хүртэлх насныхны хип хоп, пом хос, хөгжөөн дэмжигч түвшин төрөлд түрүүлж УАШТ-д өрсөлдөх эрхээ авав.