Монголын авто мастеруудын холбооноос Дархан-Уул аймагт жил бүр зохион байгуулдаг “Чингис мастер кросс” нь авто спортын тэмцээнүүдээс үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг. Тамирчид бартаа, саад ихтэй замд ур чадвараа техникийн хурд, хүчтэй хослуулан харуулдаг онцлогтой. Уг кросс уралдаанд ахмад тамирчид ч тоос өргөдөг. Амралтын өдөр болсон 24 дэх удаагийн уралдаанд ахмадуудаас 78 дугаартай С.Эрдэнэчулуун, 222 дугаартай Ж.Эрдэнэбилэг, 288 дугаартай Ж.Пүрэвсүрэн нар оролцжээ. Хувийн дугаар эзэмшдэггүй ахмад тамирчид уралдаанд хоёроор эхэлсэн түр дугаар зүүж уралдсан байна. Дээрх кросст 73 тамирчин хурд сорьсноос 68 дугаартай Ш.Гомбодорж түрүүлж, 36 дугаартай Л.Ариунболд удаалан, хоёр дугаартай Б.Батзориг хүрэл медаль хүртлээ. Ивээн тэтгэгчийн шагналыг 138 дугаартай Н.Мөнхбаяр гардсан байна. Өнгөрсөн жилийн кросст энэ удаа мөнгөн медаль зүүсэн Л.Ариунболд тэргүүлж байв.