Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг хийв. Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Тэрбээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал тогтоох тул Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдөр ирүүлсэн санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн”-ийг онцоллоо.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг дурдаад уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Ингээд Байнгын хорооны саналаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжив.