Монголын хөл бөмбөгийн үндэсний дээд лигт сүүлийн 10 гаруй жил легионерууд оролцох болсон. Өмнөх улирлынлигт өрсөлдсөн 10 баг Япон, ОХУ, Итали, Канад, Англи, Тринидад ба Тобаго, Нигери, Серби зэрэг улсаас нийт 22 гадаад тоглогч урьсан юм. Тэгвэл одоо Төв аймаг дахь “Аэрдом” бэлтгэлийн төвд үргэлжилж буй премьер лигт манай хөл бөмбөгийн спортын түүхэнд хамгийн олон буюу 13 улсын 52 легионер оролцож, авьяас, ур чадвар, туршлага, тоглох техникээрээ тэмцээний уур амьсгалыг өрсөлдөөнтэй, улам сонирхолтой болгон хөгжөөн дэмжигчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буйгаараа онцлогтой. “Хоромхон”, “Булган СП фалконс” баг хамгийн олон буюу долоон легионертой. “Улаанбаатар”, “Хангарьд” баг тус бүр зургаа, “Төв азарганууд”, “Баварианс”, “Брера илч”, “Хаан хүнс-Эрчим” баг гадаадын таван тамирчин оролцуулж байна.
Азийн орнуудаас дээрх лигт хамгийн олон легионер оролцож буй. Тухайлбал, Японы 24, БНСУ-ын таван тоглогч байгаа юм. Зарим жишээ дурдахад, “Хаан хүнс-Эрчим”, “Төв азарганууд” клубийнхэн багтаа Японоос тус бүр дөрөв, Бразилаас нэг нэг легионер урьжээ. Лигийг тэргүүлж эхэлсэн “Булган СП фалконс”-ынхон хоёр бразил легионерыг эгнээндээ нэгтгэв. “Дэрэн”-гийнхэн БНСУ-ын хоёр, Киргизийн нэг тоглогч авчирсан. “Баварианс”-ынхан Японоос хоёр, Филиппин, Нигериэс тус бүр нэг легионер тоглуулж байна. “Хоромхон”-ынхон Японоос дөрөв, Өмнөд Солонгос, Узбекистанаас тус бүр нэг, “Брера илч”-ийнхэн Италиас хоёр, Япон, Ливи, Эл Сальвадороос нэг нэг тоглогч урьжээ. “Ховд вестерн”-ийхэн Японы хоёр, БНСУ, Камерун, Мексикийн тус бүр нэг тоглогчийг багтаа элсүүлсэн. “Улаанбаатар” клубийнхэн Японы гурав, БНСУ, Сербийн тус бүр нэг легионертой. Багууд хэдэн ч легионер элсүүлж болох ч талбайд дөрөв нь л гарах дүрэмтэй аж.