“Боинг” компанийн чанарын хяналтын инженер асан Жон Барнетт тус компанийн онгоцны угсралтын талаар шүүхэд мэдүүлэг өгснөөс хэд хоногийн дараа нас барсан байдалтай олджээ. Энэ тухай BBC мэдээлэв.
Түүний цогцсыг гуравдугаар сарын 9-нд нэгэн зочид буудлын ойролцоо машин дотроос нь олжээ.
Хууль сахиулах байгууллагынхны урьдчилсан дүгнэлтээр түүнийг амиа хорлосон гэж үзсэн байна.
Жон Барнетт нь “Боинг” компанид 32 жил ажилласан бөгөөд 2010 оноос Boeing 787 Dreamliner онгоц үйлдвэрлэдэг Хойд Чарлстон дахь корпорацийн үйлдвэрт чанарын менежерээр ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэртээ гарчээ.
Өмнө нь тэрээр компанийн ажилчид удирдлагын шахалтаар үйлдвэрлэлийн шугамд саатал гарахгүйн тулд угсарч буй онгоцонд чанаргүй эд анги суурилуулахаас өөр аргагүй болсон талаар олон нийтэд мэдэгдэж байсан.
Мөн Boeing 787 Dreamliner онгоцны хүчилтөрөгчийн системын 25% нь гэмтэлтэй байсан бөгөөд яаралтай тусламжийн үед амьсгалын маскны дөрөв дэх болгон нь ажиллахгүй гэсэн үг хэмээн тус корпорацийг буруутгаж байж.
Энэ асуудлаа тухайн үед дарга нартаа илтгэж байсан ч тэд ямар ч арга хэмжээ аваагүй гэдгийг Жон Барнетт онцолсон байна.
Тэтгэвэрт гарсныхаа дараа тэрээр корпорацитай шүүхдэлцэж эхэлсэн бөгөөд нас барах үедээ Чарлстон хотод шүүх хуралд оролцож байв.
“Боинг” компанийн стандартууд буурч байгаа талаар Эмиратын агаарын тээврийн ерөнхийлөгч Тим Кларк өмнө нь мэдэгдэж байжээ.
Тэрээр онгоцны чанар мэдэгдэхүйц муудсаныг хэлээд, 2024 оны 1-р сарын 5-нд Аляскийн агаарын тээврийн Boeing 737 MAX 9 онгоцны их биений хэсэг нислэгийн үеэр салж, бүхээгний даралтыг бууруулсан үйл явдлыг дурджээ.