ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралдаа явуулсан илгээлтдээ Оросгүйгээр дэлхийд бат бөх дэг журам тогтоох боломжгүй гэж өгүүлсэн байна. Уг илгээлтийг өнгөрсөн сарын 29-нд явуулжээ. Илгээлтийнхээ эхэнд “олон улсын алан хядах үйлдлийн түрэмгийлэлд бид цохилт өгсөн, улс орныхоо нэгдмэл байдлыг хадгалж, түүнийг тухайн үед хэдэн хэсэг болгуулаагүй” гэдэгт Путин бусдын анхаарлыг хандуулсан байна.
Орос өөрийн дотоод хэрэгт оролцохыг хэнд ч зөвшөөрөхгүй хэмээн тэрбээр тэмдэглэсэн байх юм. Өрнөд колоничлох зангаа тавихгүй, дэлхий дахинд үндэстнүүдийн хооронд зөрчил тэмцлийг өдөөдөг зуршлаараа Оросын хөгжилд саад хийхээр зогсохгүй, санаснаа хийж болох хэнд ч хамааралгүй тийм орон зайтай болохыг эрмэлзэж байна гэж тэр үзэж буй юм. “Тэд дэлхийн бусад бүс нутаг, түүний дотор Украинд үйлдсэнээ Орост хийхийг хүсэж, манай гэр оронд эмх замбараагүй байдал авчирч, биднийг дотроос нь сулруулахыг санаархаж байна. Гэвч тэд эндүүрсэн, манай олон үндэстэн ард түмний хатуу, эрс шийдмэг байр суурьтай нүүр тулгарсан” гэж Путин хэлжээ. Орос улсыг сульдаахын тулд зэвсгээр хөөцөлдөх үйлдэл рүү татан оруулж, 1980-ад онд ЗХУ-д хийснээ давтахыг хичээсэн гэж тэрбээр нэмж хэлэв. “ЗХУ-ын цэргийн зардал 1981-1988 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 13 хувьд хүрч байсан юм”. Тиймээс ОХУ-ын зорилт нь батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолбороо хөгжүүлэн, улс орныхоо шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нөөцөө дээд зэргийн үр ашигтай хуваарилж, Зэвсэгт хүчнээ үр ашигтай эдийн засагтай болгох явдал гэж Путин онцолсон байна.
Стратегийн тогтвортой байдлын асуудлаар Орос улс АНУ-тай яриа хөөрөө хийхэд бэлэн гэдгээч бас энэ үеэр мэдэгдэв. Гэхдээ тус улсын эрх баригчид Оросын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдагт тэрбээр анхаарлаа хандуулсан байна. Тэд стратегийн тогтвортой байдлын асуудлыг бидэнтэй ярилцахаар төлөвлөхдөө өөрсдийнх нь хэлж буйгаар дайны талбарт жишээлбэл, бид сансарт цөмийн зэвсэг байрлуулахаар төлөвлөж буй мэт худал хуурмагийг Орост хаяглан хэлэх боллоо. Энэ нь өөртөө ашигтай нөхцөлөөр биднийг яриа хэлэлцээрт татан оруулах гэсэн заль мэх юм. Гэтэл бидний тавьсан санал 15 жил гаруй хугацаанд тэдний ширээн дээр хэвтэж байна. 2008 онд бидний бэлтгэсэн сансарт зэвсэг байрлуулахыг зогсоох тухай гэрээний төслийг би хэлж байна. Ямар нэг хариу алга” гэж Путин тодотгов. Түүний үзэж буйгаар Америкийн эрх баригчид стратегийн тогтвортой байдлын асуудлаар Москватай хэлэлцээр хийх сонирхолтой байгаа мэт байдал үзүүлэх болсон. Энэ нь болох Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа өмнө хэлж буй худал хуурмаг үг яриа гэсэн юм.
АНУ, түүний холбоотнуудын үйл ажиллагаа Европын аюулгүй байдлын тогтолцоог задалсан нь бүх нийтэд эрсдэл бий болгож байна гэдэгт Путин анхаарлаа хандуулав. Умард Кавказад салан тусгаарлагчдыг, 2014 онд Украинд гарсан төрийн эргэлт, Донбассын эсрэг Киевийн цэргийн ажиллагаа болон Орос, Украины зэвсэгт зөрчилдөөнийг Америк дэмжиж байгааг Путин буруутгасныг эргэн сануулъя. ОХУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар Москваг нэг бус удаа хуурсан Вашингтонтой харилцаагаа зохицуулах нь АНУ-ын дотоодод өөрчлөлт хийж, бусад хүмүүс, улс орныг хүндэлдэг, асуудлаа байлдааны ажиллагаа, хоригоор шийдэх гэхийн оронд тохиролцоонд хүрэх арга замыг хайдаг болсон нөхцөлд боломжтой аж.
НАТО-г дорно зүгт тэлж, тус эвсэлд Швед, Финландыг элсүүлэх гэж буйг аюул занал гэж үзэж, түүнд бас анхаарлаа хандуулжээ. “Украин, Ойрхи Дорнод болон дэлхийн бусад бүс нутагт зөрчилдөөнийг Өрнөд өдөөж ирсэн. Одоо болохоор Европ руу Орос довтлохоор зэхэж байна хэмээн огт ичиж зовохгүй мэдэгдэх боллоо. Тэгсэн хэрнээ өөрсдөө манай газар нутагт ихээхэн хохирол учруулах цохилт өгөхийг зорилгоо болгож байна. Украин руу НАТО-гийн тодорхой тооны цэрэг илгээх боломжийн талаар тэд ярилцаж эхэлсэн. Манай улсын газар нутаг руу хэзээ нэгэн цагт цэргээ илгээсэн хүмүүсийн хувь заяаг бид мартаагүй” гэж Холбооны хуралдаа явуулсан илгээлтдээ Оросын Ерөнхийлөгч В.В.Путин тэмдэглэсэн байх юм.
Одоо цагт болзошгүй интервентийн довтолгооны учруулах үр дагавар илүү эмгэнэлтэй болсон. Өрнөдийн байг устгаж чадах зэвсэг Орост бас бийг тэд мэдэж байгаа хэмээн Путин онцлон тэмдэглэв. “Үүнийг тэд ухаарахгүй байгаа юм уу. Энэ хүмүүс хүнд хэцүү сорилт туулахгүй. Дайн гэж юу болохыг тэд хэдийн мартсан. Бид, манай өнөө үеийнхэн Кавказад олон улсын алан хядах ажиллагаатай тэмцэж ийм хүнд сорилтыг давж гарсан. Одоо Украинд чухам ийм юм тохиогоод байна. Тэдний хувьд үүнийг “үдийн будаа” гэж бодож буй биз”.
Өөрийн анд, нөхөр гэж үздэг Хятадын удирдагч Си Зиньпиний, тус хоёр улсын хооронд бараа эргэлт нэмэгдсэн тухай ОХУ-ын Ерөнхийлөгч ярьж байсныг эргэн саная. Хэзээ ч байгаагүй өндөр түвшинд хүрсэн Орос-Хятадын харилцаа дэлхий дахины тогтвортой байдлын нэг гол баталгаа юм хэмээн Путин тэмдэглэсэн байна. Янз бүрийн шашин, шүтлэгтэй, Оросын цэрэг, офицерууд олон үндэстэн, ард түмний төлөөлөл Украин дахь цэргийн тусгай ажиллагааны явцад бүгд мөр зэрэгцэн нэг л Орос улсын төлөө тулалдаж байгааг Владимир Путин ихээхэн тодотгожээ.
“Тусгаар тогтнолоо хамгаалж, бэхжүүлэх тэмцэл бүх л чиглэлээр, юуны урьд мэдээж фронт дээр болж, манай дайчид тэвчээртэй, амь хайргүй тулалдаж байна. Эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцэж, дайны хүнд сорилтын хурц шалгуурыг туулж, өдөр тутам амиараа дэнчин тавьж яваа бүх хүнд талархаж байна. Бүх ард түмэн та нарын гавьяаг хүндэлж, амиа алдагсдын төлөө гашуудаж байна. Орос орон амиа алдсан баатруудаа үүрд дурсаж байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Түүний үнэлж байгаачлан ОХУ-ын зэвсэгт хүчин байлдааны асар их туршлага хуримтлуулж, түүний дайчин чадвар олон дахин нэмэгдэж, цэргийн ангиуд нь тулааны талбарт санаачилгыг гартаа авч, шинэ шинэ газар нутгийг чөлөөлж, итгэл төгс урагшилж яваа аж. “Энэ дайныг Донбасст бид эхлүүлээгүй, гэхдээ бүгдийг дуусгаж, нацизмыг үгүй хийж, цэргийн тусгай ажиллагааны бүх зорилтыг биелүүлнэ гэдгээ харин нэг бус удаа хэлж байсан” гэж Владимир Путин мэдэгдэв.
Украин дахь үйл явдлыг тэрбээр Оросын хувьд “үхэл, амьдралын асуудал” гэж үзэж байсан юм. Гэхдээ түүнийг энхийн замаар зохицуулахад Москва бэлэн. Харин үүнд бэлэн байгаагаа Киев хэлэх ёстой. Ядаж ОХУ-тай хэлэлцээр хийхийг хориглосноо цуцлах учиртай хэмээн хэлж байсан. Цэргийн тусгай ажиллагааг “ах, дүү нарын хооронд болсон иргэний дайн”-тай зүйрлэж. Орос, Украин хоёр тэртээ тэргүй тохиролцоонд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байв. Хугацаа ихээхэн шаардагдах ч ард түмнүүдийн хоорондын харилцааг сэргээнэ хэмээн тэмдэглэж байсан.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн сарын 27-нд олны сонорт хүргэснээр Украины зэвсэгт хүчин цэргийн тусгай ажиллагааны явцад 444 мянга гаруй цэргийн алба хаагчаа алдсан байна.
Орос улс уламжлалт үнэт зүйлсийн өмөг түшиг байсан, байсаар ч байх болно. Түүний сонголтыг дэлхийн хүмүүс, түүний дотор Өрнөдөд ч хүлээн зөвшөөрдөг юм гээд НАТО-гийн орнууд руу Орос довтолж болзошгүй хийгээд сансарт цөмийн зэвсгээ байрлуулах гэж байгаа мэтээр Өрнөдийн зарим удирдагчийн хийсэн мэдэгдэлд Оросын Ерөнхийлөгч няцаалт өгөв.
Гадаадын цэргийг Украин руу илгээвэл ОХУ-тай цэрэг, дайны зөрчилд Өрнөд гарцаагүй татагдан орно хэмээн Британийн улс төрч Дэвид Куртен мэдэгдсэнийг эцэст нь тэмдэглэжээ. НАТО-гийн гишүүн улсуудын цэргийг тийш (Украин руу) нь явуулах талаар тэд одоо ярьж байна. Ингэсэн тохиолдолд Оросын тал хатуухан хариу барихаа Путин анхааруулсан гэж энэ шинжээч мэдээллээ. Тэрбээр өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, Оростой харилцаагаа хурцатгахаас зайлсхийхийг Өрнөд бүхий л хүчээр хичээх ёстой. Гэтэл Киевийн холбоотнууд төрөл бүрийн зэвсэг Украинд нийлүүлж байдлыг улам бүр дордуулж ирсэн бол одоо цэрэг илгээх ажлыг сэдэж байна. Европын Холбооны цэргийг Украин руу явуулах тухай үг яриаг урьд нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлж байв.
Энэ дайнд Оросыг ялуулахгүйн тулд Өрнөдийн орнууд шаардлагатай бүхнийг хийхээр төлөвлөж байна гэж тэр бас мэдэгдэж байсан юм. Түүний бодлоор сансарт цөмийн зэвсэг байрлуулах тухай мэдээлэл нотлогдвол олон улсын холбогдох байгууллагууд хариу үйлдэл үзүүлж, ОХУ тайлбар өгөх ёстой аж.
Эцэст нь тэмдэглэхэд, энэ сарын 15-17-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбоотой янз бүрийн суртал нэвтрүүлэг явж л байна. Путинтэй хэн ч өрсөлдөхгүй, тийм учраас үр дүн нь тодорхой гэж бичиж л байна. Путинтэй гурван нэр дэвшигч өрсөлдөнө гэх мэдээлэл бий. Ямар ч байсан сонгууль болдгоороо болно. Харин үр дүн яг ямар байхыг урьдчилан хэлэхэд төвөгтэй.
Бэлтгэсэн Р.Жаргалант