БНСУ-д орон сууцын өртөг хэт өндөр байгаа нь олон хүнийг хүүхэд төрүүлэхээс татгалзахад нөлөө үзүүлжээ .
Дэлхий дахинд төрөлт буурч байна. Ялангуяа хөгжингүй орнуудад энэ үзэгдэл анхаарал татах хэмжээнд хүрлээ. Тэдгээр орны нэг болох БНСУ-д төрөлт буурсныг хэрхэн “оношилж” буй талаарх материалыг BBC-д нийтэлсэн байна. Уг материалаас уншигчдад хүргэе.
Ежин бол Сөүл хотын захад амьдардаг ганц бие, телевизийн продюсер бүсгүй. Тэрбээр 20 гаруй настайдаа биеэ дааж амьдрахаар шийдсэн бөгөөд тухайн үеэс нийгмийн тогтсон ойлголт, хэм хэмжээг зөрчих талаар бодож эхэлжээ. Гэрлэж, хүүхэдтэй болохгүй гэх шийдвэртээ тэрбээр таван жилийн дараа ч бат зогссоор байв. Зөвхөн Ежин бус, түүний найзууд ч хүүхэд төрүүлэхгүй байхыг илүүд үзжээ. Тэд бол БНСУ-д орчин үед эрчимтэй хүрээгээ тэлж буй бүлгэмийн нэгээхэн хэсэг юм.
Гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлэхийн оронд Ежин ажил, карьертаа анхаарлаа хандуулахыг илүүд үзсэн. Учир нь БНСУ-д ажлын цаг маш урт. 09.00-18.00 цагийн хооронд ажиллах хуваарьтай ч 20.00 цаг хүртэл оффисоос гарах завгүй. Заримдаа түүнээс ч илүү цагаар ажиллах шаардлага тулгардаг аж. Ажлын дараа түүнд зөвхөн гэрээ цэвэрлэх, эсвэл унтахынхаа өмнө дасгал хийх цаг л олддог байна. “Би ажилдаа дуртай. Учир нь ажил минь надад амжилт авчирдаг. Гэвч Солонгост ажлынхаа хажуугаар өөртөө цаг гаргах маш хэцүү. Үргэлж шаргуу хөдөлмөрлөж байж л амжилт гаргаж чадна гэж боддог” хэмээн Ежин ярьжээ.
Өмнөд Солонгос дахь ийм амьдралаасаа залхсан тэрбээр Шинэ Зеланд руу явахаар шийдсэн байна. Аль орон жендерийн тэгш байдлыг маш сайн хангасныг судалж үзсэний үндсэн дээр Шинэ Зеландыг сонгож, улмаар нүүн очсон аж. “Эрэгтэй, эмэгтэй хүн адил цалин авдаг газар байдагт итгэхгүй нь. Гэсэн ч би зүгээр л өөрийнхөө хүслийг дагаад энэ газраас явчихлаа” гэж тэрбээр ярьжээ. Шинэ Зеландад гурван сар болсны дараа Ежиний амьдрал урьдынхаас хамаагүй дээрдсэн бөгөөд “Одоогийн байдалдаа сэтгэл хангалуун учир Солонгос руу буцах хүсэл төрөхгүй байна” хэмээн онцолжээ.
Дэлхий дахинд төрөлтийн эзлэх хувиар хамгийн бага орон бол БНСУ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гаргасан судалгаанаас харвал 2023 онд тус улсад төрөлт дахин найман хувиар буурчээ. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл тус улсын хүн амын тоо 2100 он гэхэд одоогийнхоос хоёр дахин буурна гэсэн тооцоолол бий. Өндөр хөгжилтэй улс орнуудад төрөлт буурч буй нь хэвийн үзэгдэл мэт болсон. Гэсэн ч тэдгээрийн дотор БНСУ шиг төрөлт эрчимтэй буурч буй улс байхгүй аж. Үүний үр дагавар нь маш харгис бөгөөд аюултай билээ. Учир нь 50 жилийн дараа гэхэд хөдөлмөрийн насны хүн амын тоо хоёр дахин буурна. Цэргийн алба хаах эрсийн тоо 58 хувиар буурч, хүн амынх нь бараг тал шахам хувийг 65-аас дээш насныхан эзлэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, улс төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж мэдэх тул улс төрчид нь төрөлт буурсныг “Үндэсний онц байдал” хэмээн зарласан байна.
БНСУ-ын үе үеийн эрх баригч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дээрх асуудлыг шийдэх зорилгоор багагүй хөрөнгө зарцуулсаар иржээ. Хүүхэдтэй хосод сар бүр мөнгөн тэтгэмж олгохоос гадна хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болгох, таксигаар үнэгүй зорчуулах гэх мэт дэмжлэгийн олон төрлийн арга хэмжээ авчээ. Харамсалтай нь, санхүүгийн ийм хөшүүрэг хангалттай үр дүнд хүрсэнгүй. Тиймээс цаашид Зүүн өмнөд Азийн орнуудаас хүүхэд асрагч авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү цалинтай болгох, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй болбол цэргийн албанаас чөлөөлөх гэх мэт илүү “ухаан зарсан” шийдэл боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ. Үүний тулд БНСУ-ын эрх баригчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орноо тойрон ажиллаж, эмэгтэйчүүдтэй ярилцжээ.
Зорилго нь эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн цаад шалтгааныг ойлгож илрүүлэх байсан аж.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудаас Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд хамгийн өндөр боловсролтойд тооцогддог. Гэсэн ч тэдний цалин нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад бага, бас ажилгүй эмэгтэйчүүдийн эзлэх хувь дунджаас өндөр. Иймээс тэд гэр бүл зохиоход анхаарах бус, карьераа хөгжүүлэхийг илүүд үзэх нь жилээс жилд нэмэгдэх хандлагатай болсон гэнэ. Тус улсын хүн амын талаас илүү хувь нь Сөүлд, эсвэл энэ хотын ойролцоо ажилладаг. Энэ нь хүмүүсийн хоорондын өрсөлдөөнийг ихэсгэж, дарамт үүсгэх болжээ. Тодруулбал, БНСУ-д хүүхэд төрүүлбэл өсгөж, хүмүүжүүлэх, боловсрол олгох, орон сууцтай болох зардал өндөр гэх мэт олон асуудал тулгардаг нь төрөлтийг бууруулах томоохон шалтгаануудын нэг аж. Хүүхдүүдийг дөрвөн настайгаас нь математик, англи хэл, хөгжим, таеквондогийн зэрэг хичээлээс гадуурх дугуйланд явуулах шаардлагатай болдог. Ийм байдал нь нийгмийн тогтсон ойлголт болсон тул татгалзах аргагүй. Тэгээд ч хүүхдээ хөгжүүлэхээс татгалзах нь хэт өрсөлдөөнтэй Солонгос улсад санаанд багтамгүй ойлголт юм. Ийм учраас БНСУ хүүхэд өсгөхөд хамгийн өндөр өртөгтэй улсын тоонд орох болжээ.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Солонгосын эдийн засаг хурдацтай өсөж, эмэгтэйчүүдийг дээд боловсрол эзэмшүүлэх, ажиллах хүчний бүтцэд чухал байр суурь эзлүүлэх, хүсэл тэмүүллийг нь өргөжүүлэн дэмжихэд ихээхэн анхаарчээ. Үүний цаана тэдний эхнэр, ээж болох үүрэг нь орхигдсоор ирсэн байна. Энэ сард БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл “Асуудлаас гарах гэсэн оролдлого үр дүнд хүрсэнгүй. БНСУ-д ямар ч шаардлагагүй хэт их өрсөлдөөн байдгийг хүлээн зөвшөөрсөн. Одоогийн эрх баригч Засгийн газар төрөлт буурсныг “бүтцийн асуудал” гэж үзэж байгаа. Энэ нь цаашдын бодлогод хэрхэн нөлөөлөхийг харзнах болно” хэмээжээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн