Энэ удаагийн сонгуулиар нэвтрүүлэх гэж буй сурталчилгааны шинэлэг хэлбэр нь тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулах нэгдсэн самбар юм. Хэн мөнгөтэй нь сурталчилгаагаа хамгийн томоор, хамгийн эрэлттэй цэгт, хамгийн удаан байршуулдаг байсныг халж, Солонгос, Япон шиг цэгцлэх нь. Өмнөх сонгуулиудаар нэр дэвшигчид дангаараа хийсэн зурагт хуудсаараа гудамж, талбайг зулдаг байсныг өөрчилнө гэсэн үг. Тойрогтоо нэр дэвшсэн бүх хүний мэдээллийг сонгогч нэг дороос авах боломж бүрдүүлнэ. Тухайлбал, 2020 оны сонгуулиар нэг хэсэгт 10-аас илүү зурагт самбар байршуулахыг хориглож байв. Тэр үед улсын хэмжээнд 2070 хэсгийн хороо байгуулсан юм. Өмнөх сонгуульд 600 гаруй хүн нэр дэвшсэн бөгөөд тэд нийт 40 мянга орчим самбар байршуулсан аж.
Харин одоо сонгогчдын тоонд үндэслэн сумд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбар (тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулах) “ажиллуулах” нь. Ингэснээр зурагт самбарын тоо өмнөх сонгуулиудынхаас 93 хувиар буурах юм билээ. Нэгдсэн самбарт нэр дэвшигчдийнхээс гадна санал авах байр зэрэг сонгуультай холбоотой бүх мэдээллийг байршуулна.
Үүнээс гадна нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг нь ч зохион байгуулах юм. Үнэгүй байршуулна гэсэн үг бөгөөд нэр дэвшигчид зурагт хуудсанд санаа зовох шаардлагагүй, тэд самбартай холбоотой зардал гаргахгүй. Өмнө нь зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид тогтоож, нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байв. Нэгдсэн самбар хийх нэг бүрийн зардал нь хоёр сая төгрөгөөс давахгүй гэж холбогдох байгууллагуудаас тооцсон юм билээ.
Мөн нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг хэмжээтэй байхаар хуульчилсан. 2020 оны сонгуулиар хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй байхыг зөвшөөрч байв. Тухайн үед зурагт самбарын хэлбэр, загварт ч ямар нэгэн хязгаарлалт тавиагүй юм. Тэгвэл одоо хэмжээг нь найм дахин багасгаж, А3 буюу хоёр бичгийн цаас нийлүүлснээс хэтрэхгүй болгох нь. Нэр дэвшигч өөрт ногдсон хэсэгт зургаа наана гэсэн үг. Энэ бол сонгуулийн мажоритар тогтолцоогоор буюу 78 мандатын төлөө тойрогт өрсөлдөх нэр дэвшигчидтэй холбоотой зохицуулалт билээ.
Үүнээс гадна пропорционал буюу улс төрийн нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулах самбар бас бий. Тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг сумд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулж болохоор УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан байна. Байрлуулахгүй ч байж болно гэсэн үг. Байршуулсан тохиолдолд хамгийн ихдээ сумд гурав, хороонд таван том самбар таны сонгох, мэдээлэлтэй байж саналаа өгөх эрхийн төлөө “ажиллах” нь. Манайх 2012 онд УИХ-ын сонгуулийг пропорционал хувилбар бүхий холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Тухайн үед 76 гишүүний 28-ыг нь нам, эвслийн жагсаалтаас сонгосон бөгөөд сурталчилгааны самбартай холбоотой одоогийнх шиг нарийн зохицуулалт байгаагүй. Энэ удаа нам, эвслүүд ийм самбар байршууллаа гэхэд жагсаалтаар сойх 48 нэр дэвшигчийнхээ мэдээллийг сонгогчдод хүргэх юм. Зөвхөн нэр дэвшигчдээр тогтохгүй мөрийн хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааныхаа талаар ч мэдээлэл байршуулахыг зөвшөөрчээ. Ингэхдээ бизнесийн зорилгоор байнга хэрэглэдэг сурталчилгааны самбар, дэлгэц, бусад орон зайг ашиглахыг хориглож буй. Ийм зохицуулалт өмнөх хуульд ч байв. Самбарыг хаана байрлуулахыг тухайн орон нутгийн ИТХ шийднэ. Харин самбар хийх зардлыг тухайн нам, эвсэл нь хариуцах аж. Мөн нам, эвслүүд самбараа сонгуулийн санал авах байранд байршуулахыг хуулиар зөвшөөрчээ.
Ямартай ч зурагт самбарын хэмжээ, тоо, хэлбэр, хийц гээд аль аль талаас нь хязгаарлаж, нэгдсэн стандарттай болгосон нь шинэ жишиг тогтооно хэмээн найдаж байна. Энэ хэрээр сонгуулийн зардал буурна. Уг нь Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа боловсруулахдаа зардлыг бараг 50 хувиар бууруулах зохицуулалт тусгасан гэдгийг хэлж байсан юм. Үүний дагуу бүгдийг нь биш ч зарим дэвшилт заалтыг уг хуульд оруулсны нэг нь нэгдсэн самбартай холбоотой зохицуулалт билээ. Гэхдээ 3-4 аймгийг нэгтгэж, нэг тойрог болгочихсон учраас хамаарах хэсгийн хороодын тоо нэмэгдэж, тэр хэрээр сурталчилгаандаа ашиглах тээврийн хэрэгсэл, түлш, шатахуун, хэвлэмэл материал, ухуулагчийн тоо нэмэгдэх нөхцөл үүсчхээд буй. Харин нэгдсэн самбарыг байршуулах цэгийг өмнөх шиг хэсгийн хороодоор биш, сум, аймгийн төв, хороо гэх мэтээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр заасан учраас зардлыг бодитой бууруулахаар байгаа юм.
Нөгөө талаас тэд сурталчилгаагаа нэгдсэн самбарт байршуулах нь нам, эвсэл, нэр дэвшигчдийг аль болох тэгш өрсөлдөх боломжоор хангахад тустай. Учир нь ардчилсан сонгуулийн гол зарчмуудын нэг нь өрсөлдөгч нам, эвсэл, нэр дэвшигчдэд тэнцвэртэй, эрх тэгш гарааны нөхцөл үйлчлэх явдал байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэлх бүх сонгуулиар нэр дэвшигчид гарааны ижил нөхцөлөөс уралдсан гэхэд хэцүү. Өнгөрсөн хугацаанд ээлжлэн эрх барьж ирсэн АН, МАН, тэдгээрээс нэр дэвшигчид, ер нь мөнгөтэй хүн илүү “хурдлах” цоорхойг хуулиар бий болгочихсон байв. Санхүүгийн хувьд илт давуу нэр дэвшигч өрсөлдөгчийнхөө сурталчилгааг бүхий л талаар дарж, цаашлаад сонгогчдын саналыг худалдан авах нь ойлгомжтой. Ийм байдал нь Монголд, тэр тусмаа өндөр түвшний, улс төрийн салбарын авлига цэцэглэх таатай нөхцөл бүрдүүлж буй гэхэд болно.
Харин нэгдсэн самбар, зурагт хуудсанд мэдээллийг хэрхэн байршуулах вэ гэдгийг журмаар нарийвчлан зохицуулах биз. Нэр дэвшигчийн зургийн хэмжээ, чанар, хэдэн удаа сольж болох вэ гэдгээс авхуулаад текстэн мэдээллийн үсгийн фонт, стандарт зэргээр сурталчилгааны хүртээмж, тэгш байдлыг хангахад хамаатай чимхлүүр зүйл цөөнгүй бий. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 42.1-т “Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга дараах шаардлагын дагуу бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна” гээд зурагт хуудас байрлуулах дарааллыг энэ хуулийн 60 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтоохоор заажээ. Уг зүйлээр сонгуулийн саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрийг бичих дарааллыг зохицуулж буй. Өөрөөр хэлбэл, саналын хуудсанд нэр дэвшигчдийг жагсаадаг зарчим нэгдсэн самбарт үйлчлэх нь.
Нэгдсэн самбарын эхэнд, дээгүүр МАН, АН-ын нэр дэвшигчийн зурагт хуудас морилж, араас нь бусад намын нэр дэвшигчийнхийг цувруулна гэсэн үг. Жагсаалтын эхэнд байгааг нь сонгох магадлал өндөр, “том” гэгддэг хоёр намд байнга давуу тал үүсгэдэг эл байдлыг шударга бус хэмээн шүүмжилсээр ирсэн ч хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг мөрдөхөөс өөр сонголт үгүй. Цаашлаад энэ удаагийн сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулж буй. Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийг хамруулсан хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэсэн тавдугаар тойрог тус бүр 10 мандаттай. Хамгийн олон хүн сонгох эдгээр тойрогт нам, эвсэл тус бүрээс 10 хүн нэр дэвшүүлэх боломжтой гэсэн үг. Эндээс харвал эдгээр тойрогт гэхэд хэдэн арван хүн өрсөлдөж, нэгдсэн самбарт жирийсэн олон зураг өлгөх нь гарцаагүй. Тиймээс уг самбартай холбоотой, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй зүйлсийг аль болох тэгш өрсөлдөөнийг хангах, мэдээллийг илүү хүртээмжтэй байлгахад чиглэсэн үндсэн зорилтоосоо хазайлгүй шийдвэрлэх ёстой юм.