2020 оны аравдугаар сарын 20-нд болсон мэтгэлцээний үеэр . Өнөө жил ч тэд мэтгэлцэх магадлал өндөр
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах үйл явц урт хугацааных юм шиг байвч үнэн хэрэгтээ хоёр сарын дараа гол хоёр нам нь хүмүүсээ гаргаад ирнэ. Энэ ажлын эрч хүч гуравдугаар сарын эхээр суларч 15 муж улсад нь урьдчилсан санал хураалт болсноор идэвхтэй кампанит ажил шувтарч ялагчид тодорхой болох юм. Энэ жилийн хувьд жаахан хэтрүүлж хэлбэл, урьдчилсан санал хураалт Айова, Нью-Хэмпшир мужид болсноор хугацаанаасаа өмнө дууссан гэж үзэж болно. Тус хоёр мужид Дональд Трамп өрсөлдөгчдөөсөө илт илүүрхэв. Харин сонгуулийн кампанийн үед Трампад шүүх саад болж болзошгүй. Хэрэв 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулахыг эсэргүүцэж, дэмжигчид нь Конгрессийн байр руу дайрч орсонд түүнийг буруутай гэж үзвэл энэ нь сонгогчдын бодол санаанд нөлөөлөх магадлалтай тул уг үйл явдлыг дараагийн он хүртэл сунжруулахыг Трамп хичээж байгаа юм. Ингэж чадах, эсэх нь тодорхой бус байна. Энэ болон бусад асуудлаар Теннисси их сургуулийн улс төр судлаач Андрей Коробков, Баруун хойт их сургуулийн социологч Ольга Каменчук нар ямар байр суурьтай байгааг сонирхуулъя.
-Хоёр намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулиас олон хоногийн өмнө илэрхий болно гэж хэлж болох уу, эсвэл ингэж дүгнэхэд эртдэх үү, Андрей Коробковоо?
-Бүгд найрамдахчууд Трампаа дэмжихэд бэлэн байгаа нь мэдээж. Айова, Нью-Хэмпшир мужид Трамп ганц өрсөлдөгч Никки Хейлигээс илт давамгайлсан. Гэхдээ Байдены эрүүл мэндийн байдалтай холбоотой, Трампын хувьд шүүхийн ажиллагаанаас үүдэлтэй хэл ам гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.
-Намын доторх санал хураалтаас зарим мужид, тухайлбал, Нюь-Хэмпширт тохиолдсон шиг бие даагч гараад ирж болзошгүйеэ дээ...
-Энэ бол нэлээд түгээмэл болсон явдал шүү. 50 мужийн 20 нь ийм чөлөөт санал хураалтыг зөвшөөрдөг юм. Трамп Өмнөд Каролин мужид Хейлигээс 20 хувиар илүүрхэж буйг сүүлийн санал асуулга харуулсан. Энэ чинь Хейлигийн муж шүү дээ. Түүхэнд өөрийн мужид ялагдсан нэр дэвшигч намаасаа гол өрсөлдөгч болон гарч ирж байсан тохиолдол байдаггүй.
-Бүгд Найрамдах намынхан Трампыг өргөн хүрээтэй дэмжиж буй нь олон хүний гайхлыг төрүүлэх болсон. Айова, Нью-Хэмпширт урьдчилсан санал хураалт болсны дараа Флорида мужийн амбан захирагч Десантисыг оролцуулаад олон өрсөлдөгчийн горьдлого тасарсан. Десантис намын доторх өрсөлдөөнөөс нэрээ татсан шүү дээ.
-Нэг ч нэр дэвшигч Трамп шиг олны дэмжлэг хүлээж байгаагүй юм. Трампыг дийлэхгүй болохоо ухаарсан, дээр нь намын нь жирийн гишүүдийн санал нэмэгдэхийг төсөөлсөн дээд давхаргынхан энэ гарцаагүй байдалтай эвлэрч эхэлж байна. Америкт хоёр зорилгод хүрсэн нэр дэвшигч ялалтад хүрдэг гэдэг. Эхнийх нь сонгогчдыг идэвхжүүлэх, тэд чамайг дэмжээд зогсохгүй сонгуульд оролцдог байх ёстой. Трампыг дэмжигчид мэдээж түүний талд санал өгнө. Үүний хажуугаар аль ч намд хамаарахгүй хүмүүсээс санал авах хэрэгтэй. Урьдчилсан санал хураалтаас ялгаатай нь сонгуулийн яг энэ үе шатанд Трампад төвөг учрах магадлалтай. Байдены хувьд намынхаа жирийн гишүүдийн санааг өөртөө татаж төдийлөн чадахгүй ч намын дээдэс нь дэмжинэ. Бас хүчтэй өрсөлдөгч байхгүй. Тийм болохоор намаасаа нэр дэвшихээр гараад ирэх боломжтой. Харин ардчилагчид нь, залуус, 2020 онд түүнийг ялалтад хүргэсэн тэр цөөнхийн төлөөлөл сонгуульд оролцох болов уу гэдэг эргэлзээтэй. АН-ын сурталчилгаа хариуцсан хүмүүсийн сэтгэлийг зовоож буй зүйлийн нэг нь энэ. Байденыг дэмжих залуусын тоо эрс цөөрч буй, намын цөөнх ч ялгаагүй. Трамп африк гаралтай америкчуудын 20 хүртэлх хувийн саналыг авч чадвал энэ нь түүний намын хувьд дээд амжилт болно. Сүүлийн үеийн мэдээгээр Мичиган мужийн африк гаралтнууд Байденыг дэмжихгүй гэж байгаа төдийгүй ийм зорилготой хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн юм билээ. Энд африк гаралтай 300 мянган хүн оршин суудаг гэдэг. Трамп испани хэлтнүүдийн тэн хагасынх нь саналыг авсан БНН-ын анхны нэр дэвшигч болж болзошгүй.
-Жо Байденд ч бас горьдлого бий. АН-ын удирдлага урьдчилсан санал хураалтыг хойшлуулж нэлээд хожуу хийхийг шаардсанаас Нью-Хэмпширт саналын хуудсанд түүний нэрийг оруулаагүй байсан. Гэлээ ч сонгогчид нь түүний нэрийг саналын хуудсанд гараараа бичиж оруулж, өрсөлдөгч Конгрессийн гишүүн Дин Филипс яалт ч үгүй ялагдсан.
-Трампын адил Байденд аюул намаас нь заналхийлэхгүй, харин бие даасан нэр дэвшигчид гарч ирж мэдэх юм. Дин Филипс ч ямар нэг гуравдагч хүчнээс нэрээ дэвшүүлчих санаатай одоо нууцаар яриа хөөрөө хийж яваа. Роберт Кеннеди чамлахааргүй санал авч магадгүй. Зарим асуулгад түүнийг бүх нийтийн сонгуульд оролцогчдын 14-21 хувийн дэмжлэгийг хүлээнэ гэсэн дүн гарсан байна лээ. Намд харьяалалгүй хүмүүсийг ч өөртөө нэлээд татах байх. Жил Стайн, Корнел Уэст гэх хар арьст нэрд гарсан хоёр нийгэм судлаач, гүн ухаанч ардчилагчдаас хэд хэдэн хувийн санал авч болзошгүй байгааг анхааралгүй орхиж боломгүй.
-Дональд Трамп намаасаа нэр дэвшигч болох нь гарцаагүй юү, эсвэл санамсаргүй саад тохиолдох магадлал байна уу. Ольга Каменчук Та юу гэж бодож байна вэ?
-Янз бүрийн шалтгаанаар санаанд оромгүй зүйл тохиолдож болзошгүй гэж үзэж байна. Энэ нь шүүхэд Трампын нэр дээр үүсгэсэн хэрэгтэй холбоотой. БНН-ыг дэмжигч сонгогчдын дунд явуулсан санал асуулгаас үзвэл Трампыг буруутай гэсэн шийдвэр шүүх гаргавал энэ нь байдлыг ихээхэн өөрчилнө. Өөрөөр хэлбэл, дэмжигчдийн тоог цөөрүүлнэ. Хэрэв Трампад элдэв саад учрахгүй бол БНН-аас нэр дэвшинэ. Харин Колорадо мужийн шүүхийн шийдвэрийг Дээд шүүх дэмжвэл Трамп сонгуульд оролцох, эсэх нь эргэлзээтэй болоод явчихна. Миний хувьд намар болох бүх нийтийн сонгуульд Трамп, Никки Хейли нарын хэн ялах нь сонирхол их татна. Трамп нэр дэвшсэн нь ямар нэг шалтгаанаар сонгогдох боломжоо гэнэт алдаж магадгүйдээ биш, БНН дахь төвийг баримталдаг хүч болон бие даагчидтай тун тааруухан харилцаатай байдгаас тэдний дотор чансаа их муутай нь ардчилагчдад ашигтай юм. Сүүлийн бүх санал асуулгаар Байдентай халз үзэхэд ялах Хейлигийн боломж Трампынхаас илүү байгаа. Тэрбээр төвийг баримтлагчдын дэмжлэгийг илүүтэй хүлээж байдаг. Өнгөрсөн урьдчилсан санал хураалтын дүн БНН-аас Трамп дэвших нь гэхээр буйч үнэхээр түүнээс өөр хүн гарч ирэхгүй юү гэдэг бас л төвөгтэй байна.
-Никки Хейлид горьдлого үлдээгүй гэж Андрей Корабков Та үзэж байна уу. Нью-Хэмпширт санал хураасны дараа тэрбээр болгоомжлохоо больж, Трамп, Байден нарын хамгийн сул тал болох насыг нь “барьж авсан”. Трампын эсрэг дайралт хийх хугацаа түүний хувьд оройтсон гэж шинжээчид үзээд байх юм.
-Би ч оройтсон гэж бодож байна. Ер нь бол Хейли ирээдүйгээ бодох хэрэгтэй. Дэд Ерөнхийлөгч юм уу, Төрийн нарийн бичгийн даргын суудлаар наймаалцахыг хүсэхгүй байгаа юм болов уу. Ирэх дөрвөн жилээ бодолцмоор юм. Гомдоосон хүнийг Трамп мартахгүй, Трампаас урвасан гэж үзсэн хүний төлөө сонгогчдын ихээхэн хэсэг нь ер санал өгөхгүй шүү дээ. БНН-ын улс төрд цаашдаа байя гэж хүсэж байгаа бол одоо мориныхоо амыг татах цаг болсон.
-Өнөөгийн сонгуульд Америкийн хувьд огт байгаагүй нөхцөл байдал бий болж байна шүү дээ, Андрей Коробков. Урьдчилсан санал хураалт эхлэхийн өмнө сонгуулийн кампанид аль болох олон нэр дэвшигч оролцоосой гэж сонгогчид хүсэж байсан. Трамп, Байден нарын аль алинд нь маш өндөр 60 хувьд дөхсөн сөрөг чансаа байсан. Санал асуулгаар Цагаан ордонд байхыг нь америкчуудын ихэнх нь хүсэхгүй байгаа хүмүүсийг хоёр нам дэвшүүлэхэд бэлэн байгаа бол гурав дахь хүчин, бие даасан нэр дэвшигчид боломж олдох юм уу даа?
-Америк Ерөнхийлөгчийн тогтолцоотой, ердөө хоёр гол нам л “үзэлцэж” байхыг мажоритар тогтолцоо баталгаажуулдаг. Сүүлийн 50 гаруй жилд гурав дахь хүчний хоёр гайгүй нэр дэвшигч л байсан нь Вьетнамын асуудлыг эрс шууд шийдэхийг зорьж, 15 хувийн санал авч өмнөд нутгийн таван мужид ялалт байгуулсан Жорж Уоллес, 1992 онд 19 хувийн санал авсан ч нэг ч мужид илүүрхэж чадаагүй Росс Перо нар юм. Гурав дахь намын төлөө санал өгөхөд бэлэн олон хүн байсан ч эцэст нь санал үр дүнгүй өнгөрөхөөс айсан байдаг.
-Өөрөөр хэлбэл, гурав дахь хүчин юм уу, намын төлөө саналаа өгөх боломж америкчуудад байсан ч гурав дахь нэр дэвшигч ялна гэдэгт итгэхгүй байснаас саналаа салхинд хийсгэхийг хүссэнгүй гэхэд болох нь ээ.
-Тэгэлгүй яах вэ. Кеннеди, Корнелла Веста, Жил Стайн гээд гурван нөлөө бүхий нэр дэвшигч байлаа. Хэрэв гурав дахь нэр дэвшигч нь ганц байсан бол тун эргэлзээтэй байх байв.
-Тэгтлээ нэр цуутай болоогүй хоёр нэр дэвшигчээс америкчууд сонголт хийх болж буйд Ольга Каменчук Та хэрхэн хандаж байгаа бол?
-Энэ бол тэдэнд тулгарч буй зовлон. Яагаад гэвэл олонхын эрх ашгийг төлөөлөхгүй хүмүүс намуудаас нэр дэвших нь. Тухайлбал, Трамп яллаа гэхэд намынхаа олонхыг биш, хэт барууны жигүүрийн төлөөлөл болно. Энэ бол сонгогчдын багахан хувь. Өнгөрсөн сонгуульд Байдены төлөө саналаа өгсөн дундаж бүгд найрамдахчууд одоо Трампад дэмжлэг үзүүлэх нь юу л бол. Төвч үзэлтнүүд, бие даагчид одоо бас л Байден руу хошуурна. Энэ бүх байдал Трампын сонгуульд хүчтэй нөлөөлнө. Үүн дээр Трамп нэр дэвшиж буйгаас эмээсэн дундаж ардчилагчид Байденд саналаа өгнө гэвэл Трамп ялагдана гэж бодож байна. Хэрэв Трампын нэрийг дэвшүүлэхгүй бол бүгд найрамдахчууд ялах магадлал илүүтэй байсан юм.
-Андрей Коробков минь, сонгуулийн кампанит ажлын түүхэнд хууль бус цагаачдын асуудал анх удаа гол асуудал болж босож ирлээ. АНУ-д толгой хоргодохыг хүссэн цагаачдад Трамп Ерөнхийлөгч байхдаа тавьсан хоригийг Байден цуцалсан нь түүнд өөрт нь гай болж байна шүү дээ. Цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулах асуудлаар буулт хийхгүй гэж Байден мэдэгдэж байсан. Гэтэл одоо буулт хийхэд бэлэн болоод байна. Тохиролцоонд хүрсэн ч гэсэн Трамп хийгээд түүний талынхан сонгууль болохоор Байденыг хил дээр үүсгэсэн хямралын буруутан болгохоор зэхэж байна. Хэрэв би андуураагүй бол сар бүр олон зуун мянган хууль бус цагаач хил нэвтэрч байгаа шүү дээ.
-Өнгөрсөн оны аравдугаар сард ийн хил нэвтрэгчид 300 мянга давсан. Энэ нь олон талаар Байдены гаргасан шийдвэртэй холбоотой. Тэрбээр байдал хурцадсанаас нөгөө намынхандаа сүрхий буулт хийсэн. Зугтаж ирсэн хүмүүст статус олгох журамд эрс өөрчлөлт хийх, ерөөс цагаачлалын асуудлыг бүхэлд нь эргэж харах, Мексиктэй залгаа хил дээр хана босгох, хилээ хамгаалахад зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэхийг БНН-ынхан шаардсан, Ардчилагчид бүгдийг нь зөвшөөрсөн. Тэгснээ бүгдийг нь дахин зогсоосон.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд байдал намар тийш ямар болсон байхыг Ольга Каменчук та төсөөлөх гэж оролдоод үз дээ. АНУ-ын өмнөд хил дээрх хямрал, Трампын талд хэрхэн ашигтай нөлөөлж байгаа шиг Байденд юу сайнаар нөлөөлөх бол?
-Эдийн засаг муугүй байгаа нь Байденд сайнаар нөлөөлнө, бас чансаа нь ч муугүй байгаа. Трампын хувьд өөрөө өөртөө ямар нэг байдлаар дайсан болж байна. Хэт барууны үзэл баримтлалтай сонгогчдыг татсанаар намынхаа дундаж сонгогчдыг түлхэж байгаа юм. Гэхдээ хамгийн сонин үйл явдал зун болно. Би Трампыг ялна гэж бодсоор ирсэн юм. Одоо бол хэн нь ч ялж болзошгүй. Трампаас өөр хүн БНН-аас өрсөлдөхөөр гараад ирвэл Ардчилсан намынханд төвөгтэй болно. Трамп, Байден хоёуланд нь өөрийн гэсэн хөзөр бий.
-Трамп хууль бус цагаачидтай тэмцэх уриан дор сонгуульд оролцох бол Байден эмэгтэйчүүд үр хөндүүлэх эрхтэй байхыг гол уриагаа болгох болов уу гэх сонирхолтой дүр зураг харагдаж байх шиг. Ардчилагчид чухам үүнийг гол найдвараа болгож байна. Андрей Коробков танд ямар урьдчилсан таамаглал байна вэ?
-Үр хөндүүлэх эрх нь ардчилагчдын хувьд маш чухал сэдэв, ялангуяа зүүний ардчилагчид хийгээд эмэгтэйчүүдийн хувьд. Цагаачлал бол бүгд найрамдахчуудын хувьд чухал асуудал нь. Одоогийн байдлаар сонгогчдын 40 орчим хувь нь цагаачлалыг тус улсад тулгараад буй гол асуудал гэж үзэх болсон. Энэ асуудлаар тохиролцоонд хүрвэл Цагаан ордонд маш том амжилт болно. Эдийн засагт тавих анхаарал нэмэгдэх нь ойлгомжтой. Оны дунд үе болоход эдийн засгийн асуудал нь цагаачлалынхаас даваад явчихаж ч болзошгүй. Бүхэлд нь авч үзвэл ардчилагчдад үр хөндүүлэх эрхийн асуудал өгөөжтэй бол бүгд найрамдахчуудад эдийн засгийн байдал, цагаачлал гол сэдэв нь байх болов уу.
Бэлтгэсэн Р.Жаргалант