Швейцарийн иргэд өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар тэтгэврийн насыг 66 болгон нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, тэтгэврийн хүмүүс 13 дахь сарын тэтгэвэр авах тухай Үйлдвэрчний эвлэлийн холбооны саналыг дэмжжээ.
Эл саналыг бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 58.2 хувь нь дэмжсэн бол тэтгэврийн насыг 66 болгож нэмэгдүүлэхийг 74.7 хувь нь эсэргүүцжээ.
Өнөөгийн байдлаар Швейцарьт тэтгэвэрт гарах нас эрэгтэй 65, эмэгтэй 64 нас байна.
Эл насны заагыг өсгөх нь тэтгэврийн зардал нэмэгдэж, тэтгэврийн сангийн эх үүсвэр шавхагдах эрсдлээс үүдэлтэй гэнэ.
Энэ хэтийн төлөвийг ялангуяа тус улсад тэтгэвэр авагчдын тоо шимтгэлээс нь тэтгэврийн санг бүрдүүлдэг ажил хийгчдийн тооноос хурдан өсч байгаатай холбон тайлбарлаж байна.
Швейцарчууд төрөөс олгодог нийгмийн тэтгэмжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг 1848 оноос хойш нэг ч удаа дэмжиж байгаагүй юм. Тэтгэвэр авагчдын орлогыг 8 орчим хувиар нэмэгдүүлэх санаачилгыг Үйлдвэрчний эвлэл "амьжиргааны өртөг нэмэгдэж, тэтгэврийн насныхны худалдан авах чадвар муудсан" тул дэвшүүлсэн байна.
Дээрх санаачилга дэмжигдсэн нь “Швейцар улсын хувьд эрс өөрчлөлтийн мөч болж байна” гэж улс төр судлаачид дүгнэж байна. "Арваадхан жилийн өмнө хөрөнгөтний намууд, бизнесийн холбоод үүнийг эсэргүүцэж байхад ийм санал дэвшүүлэх ямар ч боломж байгаагүй" гэж улс төр судлаач Георг Лутц санал хураалт эхлэхийн өмнө хэлжээ.
Сангийн сайд Карин Келлер-Саттер өмнө нь мэдэгдэхдээ, улсын төсөв алдагдалтай байгаа т дээрх санаачилга дэмжигдсэн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг (НӨАТ) нэмэгдүүлэх шаардлагатай болж магадгүй гэжээ.