Дэлхий дахинд энэ оныг “сонгуулийн жил” гэж нэрлээд байна. Өмнөд болон зүүн Өмнөд Азийн исламын шашинтай, 700 сая хүн амтай гурван улсад оны эхний сард сонгууль нь боллоо. Эхнийх нь нэгдүгээрсарын 7-нд Бангладешт, хоёр дахь нь 8-нд Пакистанд, гурав дахь нь 14-нд Индонезид болов.
Бангладешт сонгуулийн босгон дээр санал авах 14 хэсгийн байрыг шатаасны нэг нь нийслэл Дакка хотын захад байлаа. Түүгээр ч барахгүй хорон санаатнууд нийслэл хотод зорчдог галт тэргэнд түймэр тавьснаас дөрвөн хүний амь үрэгдэв. Одоо Ерөнхий сайдаар ажиллаж буй хатагтай Шейх Хасина Вазед дараалан дөрөв дэх удаагаа ялалт байгуулсан сонгуулийг сөрөг хүчний ихэнх нам эсэргүүцсэн байна. Шейх Хасина 2009 оноос Ерөнхий сайдаар ажиллаж буй юм. Чөлөөт, шударга сонгууль хийж, улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоохыг зургаан намаас бүрдсэн сөрөг хүчин шаардлаа. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр бол Бангладешийн Үндэсний намын нэрд гарсан улс төрч Набиулла Наби болон сөрөг хүчний зургаан идэвхтнийг галт тэргэнд түймэр тавьсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Дакка хотын нэгэн эмнэлгийн ажилтны хэлснээс үзвэл найман хүн хүнд гэмтсэн аж. Буддын шашны нэг сүм шатаж, эрх баригч Авами лиг (Ардын лиг) намын хөдөө нутгийн нэг салбар довтолгоонд өртсөн хэмээн хэвлэлүүд нь мэдээлжээ.
Үндэсний нам сонгуулийг тасалдуулж, орон даяар хоёр өдөр ажил хаяхыг сонгогчдод уриалсан байна. Эрх баригч Ардын лиг нам энэ үйлдлийг “Гэмгүй хүмүүсийн эсрэг алан хядах ажиллагаа өдөөлөө” гэж буруушаав. НҮБ-ын тусгай илтгэгч Клеман Ньялетосси сонгуулийн эргэн тойронд үймээн самуун дэгдээж буйд сэтгэл ихэд түгшиж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд Шейх Хасинагийн тэргүүлдэг Ардын лиг нам сонгуулийн үр дүнгээр парламентын 300 суудлын 224-ийг нь авчээ. Бусдад нь бие даан нэр дэвшигчид сонгогдсон байна. Сөрөг хүчний намууд сонгуульд оролцсонгүй. Сонгуулийн комиссын мэдэгдсэнээр 120 сая сонгогчийн 40 гаруйхан хувь нь саналаа өгчээ. Нас сүүдэр нь 76 хүрсэн Хасина анх 1996 онд Ерөнхий сайд болж 2001 он хүртэл ажиллаад, найман жилийн дараа дахин сонгогдсоноос хойш энэ суудлаас буусангүй. 2018 оны сонгуульд эрх баригч нам нийт дүнгээр парламентын 257 суудлыг авсан юм. Тэгэхдээ сонгогчдын 80 гаруй хувь нь саналаа өгсөн байна. “Би сонгуульд найм дахь удаагаа оролцохдоо сонгогчдын идэвх саяных шиг муу байхыг үзээгүй. Засгийн газар ойрын үед эмхлэн байгуулагдана гэдэгт итгэж байна” гэж Ерөнхий сайд Хасина мэдэгдэв. Сонгуулийн өдөр Энэтхэг, Орос, Хятад, Бутан, Филиппин, Сингапур, Шри-Ланкийн Элчин сайд нар өргөөнд нь морилж, Ерөнхий сайд Хасинад баяр хүргэжээ.
Ерөнхий сайдыг огцруулж, сонгуулийн кампанит ажлын үед техникийн Засгийн газар байгуулахыг Үндэсний нам 2023 оны нэгдүгээр сард шаардаад, түүнийг нь зүүн төвийн Ардын лиг нам хүлээж аваагүйгээс сонгуулийг тасалдуулах ажиллагаанд шилжсэн юм байна. Ер нь бол Хасинагийн сайд нарын танхимын эсрэг тэмцэл 2006-2008 оны хямралын үеэс буюу төв Засгийн газар улс орондоо цэргийн дарангуйллын дэглэм тогтоож, 2001-2006 онд Ерөнхий сайд байсан Халеда Зия нарын сөрөг хүчний улс төрчийг баривчилсан цагаас эхэлсэн аж. Хатагтай Халеда Зияд авлигын хэргээр 2018 оны хоёрдугаар сард 10 жил гэрийн хорионд байлгах шийтгэл оноосон юм. Хасинагийн удирдлагаар Бангладеш улс Өмнөд Азийн хамгийн түргэн өсөн нэмэгдэж буй эдийн засагтай орнуудын нэг болж, Олон улсын валютын сангийн үнэлгээгээр 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн нь зургаан хувиар өссөн гэж дүгнэсэн байна. Хувцас үйлдвэрлэлээр тус улс дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт ордог. Сүүлийн 10 жилд нэг хүнд ногдох ДНБ нь 8600 ам.доллар хүрсэн гэж ОУВС үзсэн байдаг. Орос-Бангладеш хамтран хэрэгжүүлж буй 12.65 тэрбум ам.долларын өртөгтэй атомын “Руппур” станц удахгүй ашиглалтад орох гэж буй. Сөрөг хүчин нь сэтгэл дундуур, олон түмний эмх замбараагүй байдал үе үе дэгддэг ч эрх баригч Ардын лиг нам, түүний удирдагч Хасина улс орондоо тогтвортой байдлаа хадгалж чадна гэж Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Энэтхэгийн далайн бүс нутгийн төвийн ажилтан Мария Савищева үзэж байна. Түүний үзсэнээр эрх баригч намыг сөрж зогсох нөөц бололцоо одоогоор сөрөг хүчинд бий болоогүй аж. Хөрш орнууд болон гадны томоохон хүчнүүд тус улсад тогтвортой байдал хадгалагдахыг илүүд үзэж байгаа юм. Бангладеш төвийг сахисан гадаад бодлогоо үргэлжлүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. БРИКС-д элсэх хүсэлтээ Бангладеш 2023 оны зургаадугаар сард илэрхийлжээ. Шинжээчдийн судалгаагаар Бангладешын оёмол бүтээгдэхүүн АНУ, Европруу гаргадаг учир тэдэнтэй тогтоосон харилцаандаа Ерөнхий сайд Хасина онцгой анхаарч, явуулж буй бодлогодоо эрх ашгийг нь харгалзан үздэг гэнэ. Түүний зэрэгцээ БРИКС, тэр дундаа Хөгжлийн шинэ банк санхүүгийн тусламжийн хувьд чухал ач холбогдолтой болж байгаа аж.
Бангладеш нэг танхимтай парламенттай. Саяын сонгуулийн дүнг улс даяараа юм уу, сөрөг хүчин гэгддэг улс төрийн бүх хүчин эсэргүүцэж байгаа юм биш. Ардын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Обайдул сонгууль шударга болсон, ардчилсан үйл явцыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэсэн байр суурьтай байна. Ерөнхий сайд Шейх Хасина ч “Улс орондоо ардчиллыг хадгалахын тулд боломжтой бүхнийг хийнэ” хэмээн мэдэгдлээ. Мажоритари системээр явагдсан энэ оны сонгуульд парламентын 300 суудлын төлөө 1896 нэр дэвшигч өрсөлджээ. Тус улс сөрөг хүчин хийгээд цалингаа нэмүүлэх, ажлын нөхцөлөө сайжруулах шаардлага тавьсны улмаас ажлаасаа халагдсан нэхмэлчдийн тэмцлийн гал дунд сонгуулийн өмнөх хэдэн сарыг өнгөрөөжээ. Бангладешийн Үндэсний нам удирдагчид нь оноосон ялаа цуцалж, алан хядлагын эсрэг болон тусгай бүрэн эрхийн тухай хуулийн үйлчлэл, эдийн засгийн хэд хэдэн арга хэмжээгээ зогсоохыг сүүлийн хэдэн сар шаардсан аж. Сонгуулийн өмнө Бангладешт өрнөсөн хүчирхийлэл, ялангуяа Дакка хотод 2023 оныаравдугаар сарын 28-нд болсон жагсаал яваандаа мөргөлдөөн болон хувирч олон зуун хүн, түүний дотор Үндэсний намын ерөнхий нарийн бичгийн дарга, 75 настай Мирз Фахрул Ислам Аламгирыг баривчилсан нь НҮБ-ын хүний эрх, олон улсын хамтын нийгэмлэгийн дээд комиссарын сэтгэлийг ихээхэн зовоосон гэдэг. Бангладеш дахьАсвтрали, Канад, Өмнөд Солонгос, Япон, Норвег, Британи, АНУ-ын Элчин сайдын яамнаасхүлээцтэй байж, хүчирхийллээс зайлсхийж, чөлөөт, шударга, хамтарсан, амар тайван сонгууль хийх нөхцөл бий болгохын тулд хамтарч ажиллахыг Засгийн газрынхаа нэрийн өмнөөс талуудад уриалсан аж. Бангладешийн Гадаад хэргийн сайд Адул Калам Абдул “чөлөөтэй, шударга, тунгалаг, итгэл хүлээсэн” сонгууль болно хэмээн Даккагийн Засгийн газрыг төлөөлөн мэдэгдэж байв. Түүний мэдээлснээр орон нутагт болсон сонгуулийг 25 мянга орчим ажиглагч хянаж, Хамтын нийгэмлэг, парламент хоорондын холбоо, Исламын хамтын ажиллагааны болон олон улсын бусад байгууллагаас илгээсэн 227 ажиглагч ирсэн байна. Бие даасан нэр дэвшигчдийн дунд парламентын гишүүн байсан, үндэсний үзэлтнүүдийн удирдагч хангалттай олон байхад сүүлийн саруудад болсон эмх замбараагүй байдалд турхирсан Үндсэрхэг намыг гүйцэтгэх засаглалын төлөөлөгч буруутгажээ.
Ерөнхий сайдаар дөрөв дэх удаагаа улиран ажиллахаар болоод байгаа Шейх Хасина Вазед 1947 онд Дорнод Бангладешийн Тонгипара тосгонд төржээ. Бангладеш улс Пакистанаас тасарч 1971 оноос тусгаар улс болсныг бид мэднэ. Хасина нь ирак, араб гаралтай хүн юм. Эцэг Шейх Мужибур Рахман нь 1960-аад оны дунд үеэс Дорнод Пакистаныг бие даалгахын төлөө тэмцдэг Ардын лиг намыг тэргүүлж байв. Тэрбээр 1971 онд Бангладешийн анхны Ерөнхийлөгч, 1972 онд Ерөнхий сайд болж, 1975 оны нэгдүгээр сард төрийн дээд суудлыг дахин эзэлсэн байна. Хасина 1973 онд Дакка хотынхоо их сургуулийг төгсөж, Ардын лигийн залуучуудын жигүүрийг тэргүүлэх болжээ. 1960-аад оны эцсээр Ерөнхийлөгч Мохаммед Айюб Ханы (1958-1968) дарангуйлагч дэглэмийн эсрэг оюутны хөдөлгөөнд оролцож байв. Цэргийн эргэлтийн явцад 1975 оны наймдугаар сарын 15-нд Мужибур Рахман болон түүний гэр бүлийнхнийг буудан хороожээ. Тухайн үед Хасина нөхөр, дүү охины хамт ХБНГУ-д аж төрж байсан тул амьд үлдсэн байна. Ерөнхийлөгч Зиаур Рахманы шийдвэрээр Ардын лиг намыг татан буулгаж, гишүүдийг нь хатуу ширүүн шийтгэв. Шейх Хасина зургаан жил улс төрийн орогнол хүсэж, Энэтхэгт амьдарчээ.
1981 онд Хасина эх орондоо эргэж ирээд Ардын лиг намын дарга болж үйл ажиллагааг нь сэргээв. Цэргийн эргэлтийн дүнд 1982 оноос эрх баригч болсон Хусейн Мухаммад Эршадын эсрэг тэмцлийг тус нам зохион байгуулах боллоо. Шейх Хасина үүний улмаас нэг бус удаа баривчлагдаж байжээ. 1986-1987 онд тэрбээр парламент дахь сөрөг хүчний удирдагч байж, 1990 онд Эршадыг засгийн эрхээс зайлуулсан бослогын удирдагчдын нэг болов. 1991 оны сонгуульд Ардын лиг нам Үндсэрхэг намд ялагдаж, Шейх Хасина даргын суудлаа орхисон аж. 1994 онд намаа дахин удирдах болж, 1996 оны сонгуульд ялснаар Засгийн газраа тэргүүлэв. Ингэснээр Бангладешийн түүхэнд 1991-1996 онд Засгийн газрыг тэргүүлсэн хоёр дахь, таван жилийн хугацаагаа бүрэн эдэлсэн анхны Ерөнхий сайд боллоо. Энэ үеийн гол ололтын нэг нь Ганга мөрний усыг хувааж ашиглах 30 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурах явдал байв. 2007 онд Шейх Хасина авлига, залилангийн хэрэгт холбогдож, нэг жил шоронд хоригдоод, эрүүл мэндийн байдлаас болж суллагдан эмчлүүлэхээр АНУ-ыг зорьжээ. 2008 оны эхээр парламентын сонгуулийн өмнөхөн Бангладешт буцаж ирсэн байна. Уг сонгуульд Ардын лиг нам ялж, 2009 оны нэгдүгээр сард Хасина дахин Ерөнхий сайд болов. 2014, 2018 оны сонгуулиар тэрбээр суудалдаа үлдэж, Бангладешийн түүхэнд Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлсэн хүн болсон байна.
Дэлхийн банкны баримтаар 2009-2021 онд Бангладешийн ДНБ дөрөв дахин өсөж, 416 тэрбум ам.долларт хүрч, ядуурлын түвшин 2010 онд 31.5 хувь байснаа 2016 онд 24.3 хувь болжээ. Энэ үед тус улсын хүн ам 158 сая орчим болсон байлаа. Ажилгүйдэл 2009 онд таван хувь байснаа 2017 онд 4.4 хувь болж буурчээ. Дэлхийн банкны үзэж буйгаар одоо долоон хувь байгаа өсөлтөөр барагцаалбал 2031 онд дунджаас дээш орлоготой улсуудын тоонд орох ирээдүйтэй байгаа юм. Шейх Хасинагийн Засгийн газар Оростой хамтран ажиллаж, үр тариа худалдаж авдаг. Сөрөг хүчин нь Хасинаг ганцаар захирах арга барилтай, танхим нь хүний эрхийг зөрчдөг хэмээн шүүмжилдэг. Түүний аминд халдах оролдлого 20 орчим удаа гаргасан байдаг.
Шейх Хасина бенгаль, англи хэлээр хэвлэгдсэн, Бангладешийн нийгэм-улс төрийн сэдвээр бичсэн 10 гаруй номын зохиогч юм. “Нулимстай амьдрал”, “Тэд яагаад гудамжны хүүхэд болов”, “Хүмүүс ба ардчилал” зэрэг нэртэй бүтээл тэдгээрийн дотор бий. Хасина нөхөргүй. Хүү Сайми нь аутизм өвчтэй хүмүүст тусалдаг санг үүсгэн байгуулж, удирддаг гэнэ.