Орос-Украйны дайн АНУ-ын зэвсгийн экспортыг эрс нэмэгдүүлжээ. 2023 онд АНУ-ын зэвсгийн экспорт 282 тэрбум ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоожээ.
Даваа гарагт гаргасан Төрийн департаментын тайланд АНУ-ын засгийн газрын гадаад улсын засгийн газартай хийсэн гүйлгээ 2023 онд 56%-иар өсч, 81 тэрбум доллар болсон гэж мэдэгджээ.
Үлдсэн 157.5 тэрбум ам.доллар нь АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн компаниудын үйлчлүүлэгчдэдээ хийсэн борлуулалтаас олджээ. Компаниудын борлуулалт засгийн газрынхтай харьцуулбал төдийлөн их биш ч 2022 оны үзүүлэлтээс 2.5% хувиар л илүү нарсан байна.
Гадаад улсууд АНУ-ын компаниудаас зэвсэг худалдаж авах үндсэн хоёр арга байдаг. Энэ нь компанитай тохиролцсон арилжааны шууд борлуулалт ба засгийн газар өөрийн нийслэл дэх АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалах яамны ажилтнаар дамжуулан хийдэг худалдаа бөгөөд аль аль тохиолдолд АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой.
Америкийн зэвсгийн гол худалдан авагчдын нэг бол Европ дахь хамгийн хүчирхэг хуурай замын арми байгуулах зорилго тавьсан Польш байв.
Польш улс 12 тэрбум долларын өртөгтэй Apache нисдэг тэрэг, 10 тэрбум долларын HIMARS пуужингийн систем, 3.75 тэрбум долларын үнэ бүхий M1A1 Abrams танк, дөрвөн тэрбум долларын агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах систем худалдаж авчээ.
Герман улс АНУ-аас 8.5 тэрбум доллараар Chinook нисдэг тэрэг худалдаж авсан бол Чех улс 5,6 тэрбумын үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн F-35 сөнөөгч онгоц, сум хэрэгсэл, Болгар 1,5 тэрбумын үнэ бүхий Stryker хуягт машин, Норвеги тэрбумын үнэ бүхий олон зориулалттай нисдэг тэрэг авчээ.
Америкийн зэвсэг, цэргийн техникийг Европын орнуудаас гадна Өмнөд Солонгос 2023 оны санхүүгийн жилд 5 тэрбум долларын үнэ бүхий F-35 онгоц, Австрали 6.3 тэрбум долларын үнэ бүхий C130J-30 Super Hercules цэргийн тээврийн нисэх онгоц, Япон E-2D Hawkeye тагнуулын онгоцыг нэг тэрбум ам.доллараар захиалжээ.
Төрийн департаментын зэвсэг шилжүүлэх товчооны дарга Мира Ресник "Politico" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Америкийн зэвсгийн борлуулалт нэмэгдэж байгаа нь зарим улс орнууд Оросынхоос татгалзаж байгаатай холбоотой гэж тэмдэглэжээ.
ОХУ сүүлийн гучин жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь том зэвсгийн экспортлогч орон байсан ч сүүлийн жилүүдэд Америк, Оросын хоорондын зөрүү нэмэгдсээр байгаа аж.
2022 онд Шведийн SIPRI судалгааны төвийн мэдээлснээр, АНУ дэлхийн зэвсгийн худалдааны 40%-ийг, ОХУ 16%-ийг бүрдүүлсэн нь өмнөх дөрвөн жилийн хугацаанд дөрвөн хувиар буурчээ.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Бүгд найрамдах намынхантай Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар маргаантай байгаа бөгөөд энэхүү тусламж нь бусад зүйлсээс гадна цэргийн үйлдвэрлэлийг шинэ захиалгаар хангадаг тул АНУ-ын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг гэж үзэж байна. Эдгээр захиалга нь Украинд нийлүүлэхтэй шууд холбоотойтойгоос гадна ОХУ-ын ханган нийлүүлэгчдээс бүрмөсөн эсвэл хэсэгчлэн татгалзахаар шийдсэн орнуудаас ирдэг юм.