Монголын триатлоны холбооны 20 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг эхлүүлж, өвлийн анхдугаар тэмцээнийг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгуулжээ. Тус холбоо “Сандагаа багш” цана, дугуйн клубийнхэнтэй хамтран зохион байгуулсан уг тэмцээнд тамирчид нэг км замд гүйж, хоёр км-т дугуй жийж, мөн хоёр км-ийн зайд цанаар уралдав. Өвлийн эхний тэмцээнд эрэгтэйчүүдээс “Роүд Монголиа” клубийн Н.Алтаншагай, “Цасан зам”-ын Г.Төгөлдөр, “Роүд Монголиа”-гийн Л.Баярцэнгэл нар тэргүүлжээ. Эмэгтэйчүүдээс “Цасан зам” клубийн А.Анхилуун, Б.Халиунаа, Н.Энхжин нар эхний гурван байрыг эзлэв.