Гурав дахь жилдээ зохион байгуулж буй, Монголын спортын холбоодын нэгдсэн УАШТ-ий салхийг мөсөнд авиралтын тамирчид өчигдөр хагаллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хурд” авиралтын талбайд хоёр өдөр үргэлжилж, аваргуудыг тодруулах эл тэмцээнд орон нутгийн шилдгүүд ч оролцохоор иржээ. Өмнө нь оролцогчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг байсан. Тэгвэл энэ удаа сонирхогчдын төрөл (+18, +45 нас) нэмэгдсэн байна.
Тэмцээнийг ийнхүү бусад төрлийнхөөс эрт эхлүүлсэн нь БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 12-нд болох, Олон улсын уулын холбооны “Дэлхийн цом”-ын цувралд манай тамирчид оролцохтой холбоотой аж. 16 орны 88 тамирчин ур чадвараа сорих уг цувралд эзэн орон хамгийн олон буюу 25 тамирчинтай баг бэлдсэн аж. МөнМонгол (7), Канад (2),Чех (1), Финланд (2), Франц (2), Британи (5), БНХАУ (3), Иран (3), Ирланд (1), Япон (10), Нидерланд (2), Польш (4), БНСУ (25), Испани (3), Швейцар (4), АНУ (14) тамирчдаа сойх нь.
Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд өнгөрсөн жил түрүүлсэн, Ираны тамирчин Мохсен Бехешти болон хүрэл медаль хүртсэн Монголын Н.Хэрлэн нарыг эн тэнцүү өрсөлдөөн үзүүлнэ хэмээн салбарын мэргэжилтнүүд онцолжээ. ОУХМ Н.Хэрлэн дэлхийн чансааны эхний дөрөвт жагсаж байгаа юм. Монголын уулчдын үндэсний холбооны багийн бүрэлдэхүүнд түүний дүү Н.Сэлэнгэ багтаж, эмэгтэйчүүдийн ангиллын хурд, техникийн төрөлд өрсөлдөх нь.