АН-ын нарийн бичгийн дарга нар өчигдөр мэдээлэл хийж, Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг иргэдэд ойлгомжтой, тодорхой болгохыг СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардаж буйгаа мэдэгдэв. Сонгуулийн тухай хуулийн 39.2-т сонгуулийн сурталчилгаа хийхдээ цахим орчныг ашиглаж болох тухай заасан ч контентын агуулгын талаар шаардлага тусгаагүй аж. Улмаар сонгуулийн сурталчилааны үед олон дагагчтай сошиал хаяг эзэмшигчид аль нэг нам, нэр дэвшигчийн талаар үзэл бодлоо илэрхийлээд хууль зөрчсөн болох эрсдэл үүсээд буй гэнэ. Тус намын бизнесийн хөгжил, инновац хариуцсан нарийн бичгийн дарга Н.Гансүх “Олон дагагчтай нөлөөлөгч аль нэг нам, эвслийг сурталчлах, дэмжих бол тухайн дүүргийн холбогдох газарт цахим хаягаа бүртгүүлэх юм билээ.
Гэтэл олон дагагч гэдэг нь хэдэн хүнийг хэлэх тухай тодорхой мэдээлэл байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 37.3-т нэр дэвшигч нь итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүн тутамд нэг ухуулагчтай байж болно гэж заасан. Тэгэхээр фэйсбүүкт 400-гаас дээш найзтай хүмүүс сонгуулийн үеэр хэн нэгэн нэр дэвшигч, нам, эвслийг дэмжиж пост бичсэнийхээ төлөө буруудах эрсдэл үүсээд байна. Эрх бүхий этгээдээс бусад хүн сонгуулийн сурталчилгаа явуулбал иргэнийг 10, байгууллагыг 100 сая төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан. Гэтэл СЕХ даваа гарагт УИХ дахь бүлгүүдэд мэдээлэл хийхдээ цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэд хариуцлага хүлээхгүй гэсэн. Энэ зөрүүгээ тодорхой болгох хэрэгтэй” гэв.
Хэвлэл мэдээллээр ч, улс төрчид нь ч иргэдийг төөрөгдүүлсэн тайлбар өгөөд буй учраас энэ бүхнийг тодорхой болгож, фэйсбүүкт 400-гаас дээш найзтай хүн сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, нэр дэвшигчийг дэмжсэн пост бичвэл хариуцлага хүлээх, үгүйд хариулт өгөхийг тэд хүссэн юм. Мөн мэдээлэл нь тодорхой, ойлголтын зөрүүгүй байж л шударга сонгууль зохион байгуулна хэмээн санууллаа.