Австралийн Засгийн газраас гадаадын цагаач иргэдийн шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, виз олголтыг зохицуулдаг бодлогын баримт бичгээ шинэчлэхээр шийдвэрлэж, 2022 оны сүүлxээр Виктория мужийн Цагдаагийн комиссар Клэйр О`Нэйлээр ахлуулсан ажлын хэсгийг томилсон. Тус ажлын хэсэг нэг жилийн хугацаанд ажиллаж, өнөө үед тулгараад буй 7 үндсэн асуудлын хүрээнд гаргасан 34 зөвлөмж бүхий тайланг 2023 оны аравдугаар сард Засгийн газарт танилцуулсан. Тус тайланд виз олголтын системийг урвуулан ашиглаж, хүний наймааг хөхиүлэн дэмжсэн байх эрсдэлтэй, цагаач ажилчдын хөдөлмөрийг мөлжиж буй, ёс зүйгүй Цагаачлал, виз мэдүүлгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуй нэгжүүдийн хууль бус үйл ажиллагааг ил болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж буй визийн төрлүүдийг цэгцлэх, цаашид Австралийн эрх ашигт нийцсэн визийн тогтолцоог бүрдүүлэх болон бусад чухал шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг зайлшгүй хийх талаар тусгасан байна. Энэ хүрээнд Засгийн газраас тус улсын Цагаачлалын бодлогын баримт бичгийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр олон нийтэд танилцуулсан.
Австралийн Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед баримталсан цагаачлал, виз олголтын зөөлөн бодлогын үр дүнд 2022-2023 онд олон тооны гадаад иргэд, тэр дундаа монгол иргэдэд зочлох виз олгосны үр дүнд тус улсад манай олон иргэд ирээд байна. Мөн цар тахлын дараах эдийн засгийг богино хугацаанд сэргээх, ажиллах хүчний хомсдолыг арилгах үүднээс зочлох визээр ирсэн гадаадын цагаач иргэд Австралид байх хугацаандаа визийн ангиллаа сургалтын болон богино хугацааны ажиллах визийн ангилал руу шилжүүлэх боломжтой байсныг шинэ бодлогын баримт бичигт үүнийг зогсоосон байна. Ингэснээр зочлох визээр ирсэн монгол иргэд тус улсад урт хугацаанд оршин суух боломж хязгаарлагдана.
Түүнчлэн, шинэ бодлогын баримт бичигт сургалтын визийн шаардлагыг чангатгахаар тусгагдсан нь тус улсыг зорих монгол оюутны тоо буурах эрсдэлийг дагуулж байна. Нэг талаасаа оюутны тоо буурах хэдий ч нөгөө талаасаа оюутны сургалтын чанар нэмэгдэх эерэг талтай хэмээн бодлого тодорхойлогчид үзэж байгаа аж. Энэхүү шинэчлэн батлагдаж буй цагаачлалын бодлоготой холбогдуулан тус улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчдөд зориулан Австралийн Дотоод хэргийн яамнаас дараах мэдээллийг өгөв. Үүнд:
- Виз мэдүүлгийн хянах хугацааг богиносгож, Австрали руу орсон болон тус улсаас гарсан иргэдийн зөрүү тоог багасгана /Өнөөдрийн байдлаар энэ зөрүү 510 000 байгаа бөгөөд 2023-2024 онд 375 000, 2024-2025 онд 250,000 болгон бууруулахаар төлөвлөж байгаа/,
- Ур чадвартай цагаач ажиллах хүчнийг тус улсын нэн шаардлагатай бүс нутаг, салбарт нь ажиллуулна,
- Оюутны виз мэдүүлгийн шалгуур, англи хэлний мэдлэгийн босгыг нэмэгдүүлнэ,
- Амжилтгүй суралцсан оюутнуудыг нутаг буцаана,
- Австралийн газар нутагт оршин байхдаа визийн ангиллаа сольдог журамд өөрчлөлт оруулна,
- Зарим улс орны, тухайлбал хөрш Индонези буюу АСЕАН-ы орнуудын иргэдэд урт хугацааны /5-аас 10 жил/ олон удаагийн виз олгох гэрээг хэрэгжүүлнэ,
- Эдгээр болон бусад шаардлагатай арга хэмжээг шат дараатай авах бөгөөд 2024 оны 2-3 дугаар улиралд бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх журмыг батлах аж.
Өнөөдрийн байдлаар Австрали Улсад 16 мянга гаруй /Австралийн Статистикийн газрын 2023.08.30-ны байдлаар/ Монгол иргэн ажиллаж, суралцаж, амьдарч байгаагаас 6260 нь байнгын болон түр оршин суугч, 4946 нь оюутан, 5394 нь богино болон түр хугацаагаа зорчих статустайгаар тус улсад оршин сууж байна. Цагаачлалын шинэ бодлого хэрэгжиж эхэлснээр 2024 оноос тус улсад оршин суух монгол иргэдийн тоо болон тус улс руу ирэхээр виз мэдүүлсэн иргэдийн тоо буурах хандлагатай байна.