1969 онд “Ну погоди” бюу “Чамайг даа” хүүхэлдэйн кино анх цацагдаж байжээ. ЗХУ-ын алдарт Союзмультфильмийн олон ангит амьтны дүрстэй хүүхдийн кино юм. Энэхүү олон ангитай (22 анги) кинонд чоно туулайг барьж идэх гэж буй үйл явдлыг адал явдалтай, инээдтэйгээр дүрслэн харуулдаг. “Союзмультфильм” кино студийн захирал Михаил Вальков залуу хошин зохиолч Александр Курляндский, Феликс Камов, Аркадий Хайт болон Эдуард Успенский нарт хүүхдийн хошин зохиол бичүүлэх захиалга өгчээ.
“Чамайг даа” нь амьдралаас сэдэвчилэн бүтээсэн гайхалтай хүүхэлдэйн кино юм. Уг кинонд ярианы хэсэг бага байдаг бөгөөд энэ нь түүнийг олон улсын чанартай бүтээл болгосон. Хамгийн их хэрэглэгддэг үг нь “Ну Погоди”. Чоно түүний төлөвлөгөө бүтэлгүйтсэн үед Ну заяц ну погоди буюу туулай чамайг даа хэмээн хэлдэг. Мөн киноны эхлэл төгсгөл хоёрт заавал хэлэгддэг онцлогтой. Тус кино нь чонын дуу оруулагч Анатоли Папановыг нас барсны дараа түр зогсож, түүний өмнөх ангиудад оруулсан дуу хоолойг ашиглаж байжээ. Харин 2005 оны ангид чонын дууг Игор Кристенко, туулайд Ольга Зверева нар дуу оруулсан. 2005 оны ангийг “Кристмас Филмс” бүтээжээ. 2007 оны арванхоёрдугаар сард ДВД нь хоёр ангитайгаар худалдаанд гарсан юм.
Чоно
Чоно нь хулиган буюу дэг журамгүй, хууль зөрчигч архаг тамхичин. Нөгөө талаасаа чоно туулайг барих гэсэн маш олон оролдлогоороо гайхмаар олон уран чадвартайгаа тухайлбал уран гулгалт, балет, вальс бүжиглэх зэрэг авьяасаараа өөрийнхөө сайн талуудыг харуулдаг. Мөн гитар сайн тоглодог бөгөөд уралдааны мотициклыг чадварлаг унадагаараа жирийн хулиганаас өөрийн дүрийг илүү ихэмсэг болгодог байна.
Туулай
Туулай нь эерэг дүрийн баатар юм. Чонотой харьцуулбал авьяаслаг биш бөгөөд түүний ихэнх энгийн үйлдлүүд нь чонын төлөвлөгөөг нураахад хүргэдэг. Зарим үед чонын амийг аварч түүний дүр илүү идэвхтэй болдог.
Бусад дүр
Мөн энэхүү хүүхэлдэйн кинонд бусад амьтдыг дүрсэлсэн бөгөөд энгийнээр тусгагдсан нь хүчтэй том усны үхэр юм. Усны үхэр нь цагдаа, музейн манаач, дэлгүүрийн худалдагч, явган хүн гэх мэт олон дүрийг бүтээдэг.