2024 он дэлхий нийтээр сонгуулиар амьсгалсан жил болно. Тодруулбал, нэгдүгээр сард Тайван улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, арваннэгдүгээр сар хүртэл 60 гаруй улсад сонгууль болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оролцох юм. Индонез, Монгол, Венесуэл, Мексик, Тайвань, Пакистан, Тунис, Австри, Бельги, Их Британи зэрэг улсын иргэд сонгууль өгнө. Харин манай улсад анх удаа 126 гишүүнтэй парламентийг сонгох сонгууль болох юм. Европын Холбооны 27 улсын иргэд энэ онд Европын парламентад суух элч төлөөлөгчөө сонгоно. Түүнчлэн 20 гаруй жил ОХУ-ыг удирдсан Ерөнхийлөгч Путин энэ оны гуравдугаар сард эрх мэдлээ үргэлжлүүлэх эсэхийг сонгох юм.
Ингэснээр Африкийн 15, Америк тивийн 9, Азийн 11, Европын 27, далайн бүсийн 4 улсад сонгууль болно. Дахин ийм олон сонгууль давхацсан жил 2048 оноос өмнө тохиохгүйг АНУ-ын Integrity Institute стратегийн судалгааны хүрээлэн мэдээлжээ. Мөн 2024 онд болох дээрх сонгуулиуд ойрын хэдэн жилийн олон улсын геополитикийн төлөв байдалд хүчтэй нөлөө үзүүлэхийг судлаачид онцолж байна.