УИХ-ын ээлжит сонгуулийн жил гарлаа. Ирэх зургаадугаар сарын 28-ны баасан гарагт бид саналаа өгнө. Уг сонгуулийг зохион байгуулах бүрэн эрхтэй Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нартай өчигдөр УИХ-аас сонсгол хийв. Д.Дэлгэрсайхан нь УБЕГ, Т.Сүхболд нь ЦЕГ-ын даргаар ажиллаж буй бөгөөд тэднийг эрхэлж байгаа албан тушаалынх нь дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлжээ. Үүнийг зохион байгуулсан ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн хаалттай хуралдаж, сонсголынхоо тайланг хэлэлцээд, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
“Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга гэдэг чинь төрийн жинхэнэ албан хаагч биш, улс төрийн албан тушаалтан. Энэ хүн одоо ч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн байна. Мөн надад ирүүлж буй мэдээллээр энэ хүн анхан шатны шүүхээс ял шийтгэл авсан байна шүү дээ” хэмээн асуусан нь хуралдааны тэмдэглэлд үлджээ.
Д.ДЭЛГЭРСАЙХАН, Т.СҮХБОЛД НАРЫГ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР ТОМИЛНО
Тэднийг маргааш нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилно. Сонгуулийн төв байгууллага нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгох эрхийнхээ дагуу дээрх хоёр хүнийг нэр дэвшүүлсэн хэрэг. Ер нь сонгуулийг зохион байгуулахад чухал үүрэгтэй оролцдог эл хоёр байгууллагын удирдлага Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж ирсэн гэхэд болно. Тухайлбал, холбогдох хуулиудыг шинэчилснээр УБЕГ-ын дарга нь 2011 оноос хойш сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүнд багтаж буй. Нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан 2020 оноос өнөөг хүртэл УБЕГ-ыг удирдаж байгаа бөгөөд уг албанд томилогдохоос өмнөх дөрвөн жилийн хугацаанд тус байгууллагын дэд даргаар ажиллажээ.
Тиймээс ч ээлжит болон ээлжит бус, нөхөн гээд 15 удаагийн сонгуулийг зохион байгуулахад оролцсон туршлагатайгаа хэлж, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах үйл явцыг ил тод болгоход анхаарал хандуулж ажиллахаа онцлов. Мөн тэрбээр системийн шинжээч, программ хангамжийн инженер мэргэжилтэй тул сонгуулийн үйл явцыг цахимжуулахад хувь нэмрээ оруулан, шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжөө туршиж эхэлснийг дуулгалаа. Цаашлаад сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнд ажиллах сонгогчийн бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахаа илэрхийлсэн юм. ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ч цагдаагийн байгууллагынхны хуулиар хүлээсэн үүргийг биелүүлж, сонгуулийн үеийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд бүхий л нөөц, бололцоогоо дайчлан ажиллахаа хэлэв.
Ийнхүү тэднийг томилсноор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ж.Болд, Б.Ганбат нарыг эл үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Ж.Болд нь 2020 онд ЦЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн болсон юм. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард ЦЕГ-ын даргын албаа өгсний сацуу Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт “Хорооны гишүүн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол УИХ энэ хуулийн 4.2-т заасан хугацаанаас өмнө түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө” хэмээн тусгасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа болох зургаан жилээ дуусгалгүй өргөдлөө өгсөн гэсэн үг.
12 ЖИЛ АЖИЛЛААД ӨРГӨДЛӨӨ ӨГӨВ
Харин Б.Ганбат нь 2012 оноос хойш сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүнд багтаж яваа нэгэн. Үндсэндээ хоёр ч бүрэн эрхийн хугацааг дуусгаж, УИХ-ын гурван сонгуулийн нүүр үзээд байна. Түүний намтраас харвал Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр 2012 оны тавдугаар сард томилогдохдоо Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын захирал байсан бол өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж буй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар 2019 онд томилогдох хүртлээ Дэлхийн банкны “Олон салбарын техник туслалцааны төсөл”- ийн эксперт, Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга зэрэг олон албан тушаал хашсан ч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний суудлаас л ховхроогүй аж.
Албан тушаалаараа, төрийн жинхэнэ албан хаагчийн статустайгаар сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүнд багтчихаад тухайн ажлаа хийхээ больж, чөлөөлөгдсөн ч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр хэдэн жил ч хамаагүй хэвээр үлддэг жишээ гэвэл энэ. Түүнчлэн УБЕГ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын алба хашиж буй Б.Баасандорж Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд байсан хэвээрээ. Тэрбээр 2020 онд буюу УБЕГ-ын дарга байхдаа албан тушаалаараа томилогдсон юм.
Уг нь албан тушаалынхаа дагуу томилогдсон бол ажлаа өгөх үедээ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээсээ татгалздаг баймаар. Улмаар халааг нь авсан хүн сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүнд түүний бүрэн эрхийг үргэлжлүүлэн ажиллах зарчим үйлчлэх ёстой биш гэж үү. Бүх шатны сонгуулийг улс төрийн нөлөөнөөс аль болох ангид байлгаж, зохион байгуулалтын ажилд нь төрийн албан хаагчдыг дайчлан ажиллуулна гэж ярьдаг атлаа албаа өгчихсөн хүнийг хэдэн арван жилээр Сонгуулийн ерөнхий хороонд байлгах нь хэр зохистой юм бол. Гэвч Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд гишүүн нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхтэй холбоотой зохицуулалт л буйгаас бус, тухайн хүн төрийн албанаас чөлөөлөгдвөл дараагийн албан тушаалтныг томилох зохицуулалт алга.
“Г.БАЙГАЛМАА АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ЯЛ АВСАН”
Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүнийг Ерөнхийлөгч санал болгосноор томилдог. 2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгон томилуулсан хүмүүсийн нэг нь тухайн үед Тамгын газрынх нь дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмаа. Улс төрийн хүрээнийхэн түүнийг МоАХ, тэр дундаа Х.Баттулгатай тун ойр гэдгээр нь андахгүй. Тэгвэл өчигдрийн сонсголыг товлосон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сонгуулийн төв байгууллагадаа төрийн албан хаагчдыг ажиллуулна гэж ярьдаг атлаа яагаад Г.Байгалмаа гэж хүнийг томилсон юм бэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга гэдэг чинь төрийн жинхэнэ албан хаагч биш, улс төрийн албан тушаалтан. Энэ хүн одоо ч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн байна.
Мөн надад ирүүлж буй мэдээллээр энэ хүн анхан шатны шүүхээс ял шийтгэл авсан байна шүү дээ” хэмээн асуусан нь хуралдааны тэмдэглэлд үлджээ. Үүнд тус байнгын хорооны дарга Н.Энхболд “Өмнөх Төрийн тэргүүнээс нэрийг нь дэвшүүлсэн хүний оронд одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар нэгэн санал ирүүлээгүй байна. Хоёрдугаарт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6.3-т зааснаар бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болно. Мөн тус хуулийн 6.5-д Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг хорооны гишүүнээс огцруулсанд тооцно гэж заасан. Таны авсан мэдээлэл бидэнд ч бий.
Энэ мэдээллийн дагуу шүүхэд хандсан. Шүүхийн байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтод дурдсанаар энэ хүн анхан шатны шүүхээс ял авсан. Дараа нь Өршөөлийн хуульд хамрагдсан байна. Улмаар давж заалдах шатны шүүхээр хэргийг нь хянаж байгаа учраас эцэслэн шийдээгүй. Иймд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6.5-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоод, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болбол түүнийг огцруулсанд тооцно” гээд Сонгуулийн ерөнхий хорооны өөр бусад гишүүнд холбогдох асуудлаар ч зохих байгууллагуудад нь хандсанаа дурджээ.