“Засгийн газрын тусгай сангуудад хяналт тавих учиртай. Сангийн үйл ажиллагааг нээлттэй байх шаардлагатай. Түүнээс биш сангууд үйл ажиллагаа явуулж байгааг буруутгахгүй, байх нь зөв. Тусгай сангийн зээлийг зорилтот бүлгийн хүмүүст хүргэх хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа нь хөшигний цаана өрнөдөг байсныг ил болголоо”. Энэ бол Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өнгөрсөн тавдугаар сард хэлсэн үг. Тэрбээр Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгох нэрийдлээр, бас “Ерөнхий сайдын даалгаврын дагуу” хэмээх сүржин тодотголтойгоор өдөр бүр хэвлэлийн хурал зарлаж, үүрэгт ажлаа хийж буйгаа сүр дуулиантайгаар мэдэгдэхдээ ингэж хэлсэн хэрэг. Үүнээс хойш хэдийн хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэсэн ч тусгай сангуудын “хөшиг” хаалттай хэвээрээ, нээлттэй болгосон гэх мэдээллүүд нь нүд хуурах төдий л байна.
НҮД ХУУРСАН ЖАГСААЛТУУД
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2006 онд баталжээ. Тухайн үед 15 сан байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд цаг хугацааны явцад заримыг нь татан буулгаж, заримыг нь шинээр бий болгосон аж. Ийм шалтгаанаар дээрх хуульд 52 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 онд тусгай сангийн тоо 29 болсон байна. Тухайн үед хуулийг шинэчлэн найруулж, өдий хүртэл мөрдөж буй юм. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар одоогоор 24 сантай. Тэдгээрээс 21-ийнх нь мэдээллийг ил тод болгосон гэх нэр зүүж, shilen.gov.mn цахим хуудасны “Засгийн газрын тусгай сан” гэх хэсэгт байршуулсан. Ингэлээ гээд Засгийн газрын тусгай сангууд “шилэн” болсон хэмээн дүгнэх нь өрөөсгөл.
Учир нь ил тод болгосон гэх мэдээлэл нь хангалтгүй байна. Тодруулбал, тухайн байгууллагаас хэн гэдэг хүн, эсвэл аль аж ахуйн нэгж, байгууллага хэдэн төгрөгийн санхүүжилт авсныг жагсаажээ. Ямартай ч тусгай сангууд хэдэн төгрөг залгисныг бид мэдсэн гэсэн үг. Гэхдээ хамгийн чухал буюу тухайн санхүүжилтээр юу хийсэн бэ, үр дүнд хүрсэн үү гэдэг мэдээлэл нь алга. Жишээ нь, Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадад суралцсан хүмүүсийн нэрийн жагсаалтыг дээрх цахим хуудсанд байршуулжээ. Нэрийнх нь ард “гэрээний үүргээ хэрэгжүүлсэн”, “суралцаж байгаа” гэх мэтээр үр дүнг нь ерөнхийд нь бичсэн байна. Бас олонхыг нь “Гэрээний үүргээ хэрэгжүүлсэн” хэмээн дүгнэжээ. Тэд үнэхээр гэрээний үүргээ биелүүлсэн үү, тийм бол хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдгийг олон нийт сонирхох нь гарцаагүй. Цаашлаад тухайн суралцагч ямар шалгуурын дагуу зээл, эсвэл тэтгэлэг авсан бэ зэрэг нарийвчилсан мэдээлэл бүр ч алга. Бусад сангийнх ч яг үүнтэй адил оньсого шиг юм. Уг нь сангуудад “хөрөнгө оруулсан” татвар төлөгчид нүд хуурсан жагсаалтыг бус, харин түүний цаадах “нууц”-ыг нь мэдэх эрхтэй.
Бас өдгөө үйл ажиллагаа явуулж буй гэх дөрвөн сангийн мэдээлэл одоо ч хаалттай хэвээрээ, жагсаалт ч үгүй байгаа нь анхаарал татна. Үүнд Засгийн газрын нөөц сан, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан багтана. Тэдгээрээс Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжуудын дагуу нууцад хамаардаг гэнэ. Харин бусад сан нь үйл ажиллагаа явуулаагүй болоод нуусан уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдэг нь тодорхойгүй.
42 ИХ НАЯД ТӨГРӨГ УРСГАЖЭЭ
Засгийн газрын тусгай сангуудын мөнгө нийгэмд ямар үнэ цэнийг бий болгосон бэ гэдгийг shilen.gov.mn цахим хуудсанд байршуулсан жагсаалтуудаас харах боломжгүй. Тэдгээр сангийн ил болгосон нийт мөнгөн дүн 42 их наяд төгрөгт хүрч байгаа юм. Ингэхдээ таван сан нь их наяд, 15 нь тэрбумаас давсан хөрөнгийг зарцуулжээ. Энэ мөнгө хэн нэгэн даргынх биш, харин татвар төлөгчдийнх гэдгийг санах учиртай. Учир нь тусгай сангуудыг улсын төсөв, хандив, тусламж, өөрийн орлого зэргээс санхүүжүүлдэг. Гэсэн ч сангууд “мөнгө тараасан”-аараа холбогдох салбаруудад нь ахиц дэвшил ер гарсангүй. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2012-2022 он хүртэлх 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628.7 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Гэтэл эл мөнгөөр яг юуг дэмжиж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг хариултыг shilen.gov.mn цахим хуудаснаас олж чадахгүй. Ийм учраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан амжилттай ажилласан гэж дүгнэх аргагүй бөгөөд зарим иргэн “Өчнөөн олон удаа санал, хүсэлт, төслөө өгөөд ч санхүүгийн дэмжлэг авч чаддаггүй” хэмээн гомдоллодог нь хэвээрээ.
Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаар дамжуулан 2008 оноос хойших 15 жилийн хугацаанд 7.5 их наяд төгрөгийг давхардсан тоогоор 21.6 сая иргэнд тараажээ. Монгол яах аргагүй халамжийн улс гэдгийг эл үзүүлэлт нотлох биз ээ. Тусгай сангийн нэрийн доор ийнхүү үрсэн хөрөнгөөр бид юу хийж болох байсан бэ. Өнгөрсөн хугацаанд өчнөөн яриад ч хэрэгжүүлж чадаагүй агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын бүх айлыг орон сууцад оруулах боломжтой байв. Бас дулааны цахилгаан станц барих, метроны шугамыг хэд хэдэн чиглэлд тавих гэх мэт суурь асуудлаа ч шийдчихэж болохоор байж.
САНГУУДАА САЙД НАРААС САЛГАХАА МАРТСАН УУ
“Сангуудын мэдээллийг ил тод болгосны дараа менежментийг нь сайжруулна” гэж сайд Н.Учрал хэлж байлаа. Бас сангуудыг сайд нараас “салгах” буюу хөрөнгийг нь яамны эрх бүхий албан тушаалтнууд дур мэдэн зарцуулдгийг зогсоох талаар Засгийн газрын хуралдаанаар өмнө нь хэлэлцэж байв. Гэтэл тэрхүү санаачилга нь уриа лоозон болж үлджээ. Өөрөөр хэлбэл, менежмент нь сайжирч, үр дүн төгөлдөржсөн нэг ч сан одоогоор алга. Үнэндээ сангуудыг сайд нараас салгасангүй. Харин ч сайд нарын эрх мэдэл тэлсээр байгаа. Сүүлийн жишээ дурдахад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийг дэмжих санд хуваарилдаг хөрөнгө, үйл ажиллагааны цар хүрээ зэргийг нэмэгдүүлэхээр улайрч, улмаар Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах замаар санаагаа гүйцэлдүүлж чадлаа. Ингэснээр дээрх сангийн санхүүжилт, үйл ажиллагааны цар хүрээ өмнөхөөсөө тав дахин нэмэгдээд буй билээ.
Нөгөөтээгүүр, шийдвэр гаргах буюу сангийн хөрөнгөөс санхүүжилт олгохдоо олон нийтийн оролцоог хангаж, ил тод байдлыг чухалчилна хэмээн эрх баригчид ярьж байв. Тэгвэл өдгөө таны, бидний оролцоотойгоор шийдвэр гаргадаг болсон сан алга. Холбогдох яамныхны толгойлсон хэдэн хүн хэнд хэчнээн төгрөг өгөхөө шийддэг нь хэвээрээ гэсэн үг. Тухайлбал, Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох төслүүдийг Соёлын яам, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийнхний шийдвэрээр шалгаруулж байна. Бас шалгаруулалтыг хэрхэн явуулж, ямар шалгуур үзүүлэлтээр тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төсөлд зээл, эсвэл дэмжлэг олгоод байгаа нь тодорхойгүй.
НЭРИЙГ НЬ Ч СОНСООГҮЙ САНГУУД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР “ТОГЛОДОГ”
Засгийн газрын 22 тусгай сангаар дамжуулан энэ онд 10.2 их наяд төгрөгийн зардал гаргахаар болжээ. Тэдгээрийн дотор таны хяналт тавих нь байтугай нэрийг ч сонсож байгаагүй сан цөөнгүй бий гэдэгт итгэлтэй байна. Дуулиан шуугиантай, “алдар цуу” нь хэдийн дуурссан Боловсролын зээлийн зан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэргийг бид мэднэ. Бас иргэдийн тогтмол үйлчилгээ авдаг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан зэргийг эс тооцвол бусад нь олон нийтэд төдийлөн танигдаагүй, тэр хэрээр үйл ажиллагаа нь ч “нууцын зэрэглэлтэй”.
Жишээ нь, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан гэж та сонссон уу. Үйл ажиллагааных нь чиглэл, чиг үүргийг мэдэх үү. Эл сангаас 2009 оноос хойш 69 байгууллага 38.6 тэрбум төгрөг авчээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.1-т “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх зориулалттай байна” гэж заажээ. Эл сан үйл ажиллагаа явуулаад 14 жил өнгөрсөн байна. Дээрх зорилгыг хангалттай хэрэгжүүлэх хугацаа гэж үзэж ч болохоор. Гэсэн ч одоо хүртэл үр дүн гараагүй юм уу, үйл ажиллагаа нь үргэлжилсээр байна. Энэ онд 5.2 тэрбум төгрөгийг уг санд хуваарилжээ.
Бас үнэхээр зорилтот бүлэгтээ хүрч чаддаг уу хэмээн хардахаас өөр аргагүй, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж бий. 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулсан уг сан гадаадад байгаа иргэддээ ямар дэмжлэг үзүүлсэн нь тодорхойгүй. “Шилэн” болгосон гэх мэдээлэлд нь сайдын тушаалын нэр, мөнгөн дүн л байдаг. Үнэхээр гадаадад байгаа иргэдийг дэмжлэгт хамруулсан уу, эсвэл хэн нэгэн нь сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулчихсан юм биш биз гэсэн эргэлзээнд өгөх хариулт shilen.gov.mn цахим хуудсанд байхгүй.
ЦЭГЦЛЭХГҮЙ АТЛАА НЭМЭЭД Л БАЙНА
Өмнө дурдсанаар сангуудын үйл ажиллагаа төдийлөн цэгцрээгүй бөгөөд цаашид ч нөхцөл байдал сайжрах дүр зураг харагдахгүй байна. Харин манай дарга нар асуудлыг шийдсэн мэт дүр эсгэхдээ гарамгай учраас сангуудыг “шилэн” болгосон нэр зүүж, улс төрийн пиар хийгээд л өнгөрлөө. Харин цаанаа болохоор сангуудыг цэгцлэх бус, харин ч нэмэх, улам өргөжүүлэх бодлого баримтлаад байна. Тодруулбал, 2022 оны долоодугаар сард Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих хэмээх сан байгуулсан нь одоогоор отгонд тооцогдож буй юм. Засгийн газрын тусгай сангийн хуульд зааснаар уг сан нь “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай байна” гэж тодорхойлжээ. Гэтэл яг үүнтэй адил зорилготой үйл ажиллагаа явуулах учиртай Эрүүл мэндийг дэмжих сан гэж бий. Энэ мэтчилэн үүргийг нь давхардуулах замаар хүртэл сангуудаа үржүүлсээр байх нь татвар төлөгчдийн хувьд дарамт учруулахаас хэтрэхгүй. Бас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаснаа “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК болгоод өргөжүүлчихлээ. Нэгэнт л цэгцэлж чадахгүй юм бол хэрэгтэйг нь үлдээгээд, хэрэггүйг нь бүрмөсөн татан буулгавал яасан юм бэ.
Бэлтгэсэн: М.Оч