2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг 10 минутын орчимд Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт төвтэй хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн төвд ойрхон орших Ишикава мужийн Шика хотод магнитудын 7.0 баллд хүрчээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна.
Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан 2 удаагийн сэрэмжлүүлэг гаргасан. Зарим иргэн Тояма дахь өргөмжит консул К.Фүжишигэтэй холбогдон нөхцөл байдлыг тодруулж байна. Одоогийн байдлаар иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байгаа юм.
Одоогийн байдлаар Хокурику бүсийн Цахилгаан эрчим хүчний дамжуулах, түгээх шугам тасарснаас болж Ното бүс нутагт 33 000 өрхийн цахилгаан эрчим хүч тасарчээ. Түүнээс гадна Нанао хотын Нанао Дайдэн дулааны цахилгаан станцын 1 ба 2 дугаар зуух зогссон. Мөн Шига хотын “Шига цөмийн цахилгаан станц”-ын 1 ба 2 дугаар станцыг газар хөдлөлт болохоос өмнө зогсоосон байна. Хяналтын явцад хэвийн бус зүйл ажиглагдаагүй бөгөөд цацраг идэвхийг тогтмол хэмжиж байна.
Түүнээс гадна Хокүрикү шугам, Нанао шугам зэрэг Хокүрику бүс нутгийн галт тэрэгний шугамыг түр зогсоожээ. Хокүрикү төмөр замын Ишикава шугам, Асаногава шугам, тус мужийн бүх автобусны үйлчилгээг мөн түр зогсоогоод байна. Мөн Нотогийн нисэх онгоцны буудалд нислэгийн гүйлтийн замд хагарал үүсэж, Ханеда руу нисэх бүх нислэг цуцлагдлаа. Комацу нисэх онгоцны буудал Ханеда руу хийх хоёр нислэг, Фукуока руу хийх хоёр нислэгээ цуцлаад байна.