Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлон, 2023 оны арванхоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг буруу тусгаарласан мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Хэргийг сануулбал, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, “Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдоно. Шүүх хурлыг өмнө нь 2023 оны арваннэгдүгээр сарын 21 хийхээр товлосон боловч зарим өмгөөлөгч ирээгүй, хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэрийг гаргасан.