Засгийн газрын тогтоолоор мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан юм байна. 2022 оны байдлаар манай улсад 52 мазаалай баавгай бий гэсэн судалгааны дүн гарчээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан.
Уг ажлын хэсгийн хуралдаанаар мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн баталсан юм. Мөн жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг мазаалай баавгайн өдөр болгохоор хэлэлцэж байв. Түүнчлэн олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Ташрамд дурдахад, 2012 онд үндэсний бахархалт шувуугаар шонхорыг нэрлэж байсан билээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн