Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг орвонгоор нь эргүүлэх заалтыг эрх баригчид ноороглочихоод байна. Нийслэлээс УИХ-д сонгогдсон Э.Бат-Амгалан тэргүүтэй гишүүдийн боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгаснаар зөвхөн сум болон дүүрэгт л ИТХ-ын сонгууль явуулах нь. Уг нь өнгөрсөн 30 гаруй жилд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг байгуулахын тулд тус бүрд нь сонгууль зохион байгуулж, иргэддээ Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлж ирсэн билээ.
Гэхдэээ л хуулийг батлах нь битгий хэл өргөн барихгүй болтол нь эсэргүүцэх боломж бас бий. Парламент дахь олонхын бүлгийн хэн тус хуулийн төслийн талаар санаачлагчаас мэдээлэл сонсох явцад дэмжээгүй, эсэргүүцсэн гишүүд байснаас гадна улс төрийн бусад намтай эл асуудлаар саналыг нь сонсох ёстой гэсэн чиглэлийг удирдлагаас нь өгсөн юм билээ.
Улмаар сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөөс аймгийн, дүүргийн ИТХ-д сонгогдсон хүмүүсээс нийслэлийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэлдэхүүнийг дүүргэх нь. Гэхдээ сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон хүмүүс дээд шатны ИТХ-аа бүрдүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувийг доод шатны ИТХ-д сонгогдсон хүмүүсээс бүрдүүлж, бусдыг нь улс төрийн намаас томилох зохицуулалт тусгасан байна. Үүнийхээ үндэслэлийг тэд төслийн танилцуулгадаа 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Нам Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэснийг онцолж, “Улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж, тэрхүү бодлого, мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхэд бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагаас хуульд заасны дагуу гаргаж байгаа аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт бүрнээ нийцэж байх шаардлагатай” хэмээж буй.
Иймд бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны бодлогын уялдаа, холбоог бүрэн хангахын тулд сум, дүүргийн ИТХ нь аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг төлөөллийн ардчиллын зарчмын дагуу сонгож, аймаг, нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн энэ заалтыг зүтгүүлж буй гишүүн “ИТХ-ын төлөөлөгчийг намын байгууллагатай зөвшилцөн томилох өөрчлөлт тусгасан нь сум, дүүргийн ИТХ-д зөвхөн тухайн баг, хороо, сум, дүүргийнхээ асуудлыг мэддэг улс төрчид сонгогддогтой холбоотой. Нийслэл, аймгийн ИТХ-д тухайн намаас суух төлөөлөгчдийн 50 хувьд нь салбар, салбартаа мэргэшсэн хүмүүсийг нэр дэвшүүлж ажиллуулна” хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү иргэдээсээ сонгох эрхийг нь эрээ цээргүй булаахаар санаархаж буй эрх баригчид өөр ямар ч атгаг санаа агуулж байж мэднэ. Өнгөрсөн 30 гаруй жилд УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийг хэл ам, шүүмжлэл, маргаантай хийж ирсэн ч сонгуулиас татгалзах үзэл санааг ингэж айж, ичилгүй зүтгүүлж байсан нам МАН-аас өөр үгүй. Сүүлийн найман жилийн турш дараалан эрх барихдаа алхам тутамдаа хаана, бооно, хориглоно, хязгаарлана гэж цамнаж, заримыг нь үйлдлээрээ үзүүлж яваа Ардын намынхан өдгөө ардчиллын амин сүнс болсон сонгуулиас татгалзъя гэж байгаа нь хамгийн том аюул.
Намаас томилогдох хүмүүст тавьсан ямар нэгэн шаардлага алга. Үндсэндээ сум, дүүргийн ИТХ-д ч өрсөлдөөгүй, ямар нэгэн хэмжээгээр сонгогчдын итгэл, дэмжлэгийг аваагүй, тухайн намын удирдлагатай ойр, хүрээллийнх нь хүмүүс орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад очих үүдийг нээх нь. Уг нь шат шатны ИТХ бол тухайн нутаг орныхоо онцлог, тулгамдсан асуудлыг хамгийн сайн мэддэг, тэр ч утгаараа иргэдийнхээ өдөр тутмын амьдралд ойр шийдвэр гаргаж чадах хүмүүсээс бүрдэх бүрэн бололцоотой байгууллага. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд ИТХ-ууд энэ шаардлагад дүйцэн ажиллаж, дандаа сайнаар дуудуулахаар байгаагүй ч дээрх өөрчлөлтийг баталбал байдал бүр дордоно.
Орон нутаг дахь улс төрийн намын нөлөө, тэдний улстөржилт багадаагүй байхад ийм өөрчлөлтийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Ямар сайндаа л орон нутгийн сонгуульд намуудын нэр дэвшигчдийг оролцуулахаа больё гэх санал өнгөрсөн хугацаанд удаа дараа гарч, үе үе ярьж ирсэн байх вэ. Ийм өөрчлөлтийг баталбал ИТХ гэх байгууллага иргэдээсээ улам бүр алсарч, намаас томилогдсон “утсан хүүхэлдэй”-нүүдийг орогнуулах газар болж хувирах нь тодорхой. Өнөөдрийг хүртэл ИТХ-ууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хэм хэмжээ, зарчмаа баримтлан Засаг дарга буюу гүйцэтгэх засаглалынхнаас хараат бусаар ажиллах гэж алдаж, онож буй. Бие биенийхээ эрх, үүрэгт нь халдаж, зарчим, үнэт зүйлсээ алдсан нь ч бий. Түүнчлэн нэн ойрын жишээ гэвэл Өмнөговь аймгийн ИТХ хувийн хэвшил, бизнесийнхний үгээр явж, тэдний нөлөөнд орсон мэт ажиллаж ирснийг энэ өдрүүдэд болж буй “нүүрсний” гэх сонсгол харуулж байна.
Үүнээс гадна ИТХ-ын томилгоо нэлээд шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг тус аймгийн ИТХ-аас томилох ёстой ч үнэн хэрэгтээ эл шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордондоо хэдийн гаргачихсан байв. Ингээд “Э.Болормааг томил” гэж ИТХ-д тулган, “анхны эмэгтэй Засаг дарга” гэх пиарыг Улаанбаатараас удирдаж байлаа. Мөн нийслэлийн Засаг даргаар 2020 онд Д.Сумъяабазар, 2023 онд Х.Нямбаатарыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн 1.2, 3.1, 60.2, 62.2 дахь хэсгийг зөрчсөн гэх мэдээллийг нэр бүхий иргэд Цэцэд гаргаад байна. Тодруулбал, 60.2 дахь заалтад “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ”, 62.2 дахь заалтад “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.
Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” хэмээн заасан байдаг. Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын хэн хэн нь УИХ-ын гишүүн байсан. Харин тэднийг томилох шийдвэрийг ИТХ бус, намын дарга бөгөөд Ерөнхий сайд нь гаргасан бөгөөд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тэднийг дэмжиж, гар өргөснөөс өөрөөр оролцоогүйтэй адил. Эрх, үүргийн хувьд харилцан адилгүй, хараат бусаар ажиллах ёстой эл хоёр институцийн хоорондын харилцаанд энэ мэтээр тэнцвэр алдагдаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд эрх баригчид ил тод нөлөөлж чадаж байгаа нөхцөлд дээрх өөрчлөлт тус биш, ус болно.
Нөгөө талаас АН, МАН гэлтгүй улс төрийн нам гэх байгууллагын нэр хүнд манайд бүхэлдээ унаж, тэдний шийдвэр, санаачилга нь үнэгүйдэж, хүлээн зөвшөөрөгдөх байдал нь улам бүр хумигдаж буй. Ийм байхад намын “шошго” зүүсэн хүмүүс ИТХ-д тухалчихвал нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэр хүнд уруудна уу гэхээс өөдлөхгүй л болов уу.
Ингэж өөрчлөх төлөвлөгөөгөө эрх баригчид нарийвчлан гаргасан байдаг. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн аравдугаар сарын 11-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Орон нутгийн сонгуулийг улс даяар ихэвчлэн намар, аравдугаар сард зохион байгуулж ирсэн бөгөөд санал хураалтын өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглож байсныг үүгээр өөрчилсөн юм. Тодруулбал, эл хугацааг зургаан сар болгон багасгах ганцхан заалттай төслийг өргөн барьсан бөгөөд анхаарал татаж буй өөрчлөлтөө шургуулахын тулд хуулиар хугацааг нь тогтоосон хэрэг. Төслийг өргөн барьсан өдөр нь, ажлын цаг дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, маргааш нь нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр баталсан юм даг.
Үнэндээ тэд сурталчилгааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэрийн тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд нам, эвсэл, нэр дэвшигч, хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах, сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, эсэхээ шалгах, шаардлагатай бол гомдол гаргах хувилбарыг нэмэгдүүлэх, санал хураалтын үр дүнг 100 хувь гар аргаар давхар тоолох зэрэг дэвшилт зохицуулалт тусган, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг сайжруулах шаардлагатай, үүнийг хийхэд одоогийн хуулиар тавьсан цаг хугацааны хязгаар саад болж байна хэмээж байсан ч гол зорилго нь аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн тэн хагасыг намаас томилдог болгоход чиглэсэн бололтой.
Гэхдээ эл хуулийг батлах нь битгий хэл өргөн барихгүй болтол нь эсэргүүцэх боломж бас бий. Парламент дахь олонхын бүлгийнхэн тус хуулийн төслийн талаар санаачлагчаас мэдээлэл сонсох явцад дэмжээгүй, эсэргүүцсэн гишүүд байснаас гадна улс төрийн бусад намтай эл асуудлаар саналыг нь сонсох ёстой гэсэн чиглэлийг удирдлагаас нь өгсөн юм билээ. Бусад намынхан шүүмжлэлтэй хандаж байгаа тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж чадахгүй, гацчихаад байгааг зарим эх сурвалж хэлсэн юм. Үнэндээ хуульд гар хүрэх хугацааг нь өөрчлөн байж улстөржилтийг улам дэвэргэхээр илт санаархаж буй нь өнөөгийн эрх баригчид өөрсдөө ашигтай гэж харсных биз. Тэд айсуй сонгуулиас цаадахыг харахгүй байгаа нь харамсалтай.