ОУХБ-ын Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд Хөдөлмөрийн маргааны сургагч багш бэлтгэх гурав хоногийн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү сургалтаар хөдөлмөрийн маргааны 20 сургагч багш бэлтгэгдсэний нэг нь Отгонтэнгэр Их сургуулийн Хуульзүйн сургуульд багшлахын зэрэгцээ өмгөөлөгч, хөдөлмөрийн зуучлагчаар ажилладаг Б.Ургамалцэцэг байсан юм. Сургалтын талаарх түүний сэтгэгдлийг хүргэж байна.
Сургалтын талаар оролцогч Б.Ургамалцэцэг “Хөдөлмөрийн маргаан таслахтай холбоотой бүх сэдвийг хамарсан, гүнзгий мэдлэг олгосон сургалт боллоо. Уранцэцэг багш дотоодын хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл өгсөн бол Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтэн онлайнаар холбогдож хөдөлмөрийн маргааныг олон улсад хэрхэн шийдвэрлэдэг тухай танилцуулсан нь сонирхолтой байсан. Хөдөлмөрийн эрхзүйгээр мэргэшсэн, практик дээр ажилладаг тулгамдсан асуудлуудаа сайн мэддэг оролцогчидтой хамт суралцсанаар хуулин дээрх ойлгомжгүй байсан зохицуулалтуудыг тодруулах, тухайлсан кэйсийг шийдвэрлэх, юун дээр анхаарах тухай ярилцаж, зөрүүтэй ойлголоо нэгтгэх боломж гарсан.
Би энэ сургалтад хамрагдаж, хөдөлмөрийн маргааны сургагч багш болсоноор ХНХЯ-ны сургагч багшийн албан ёсны бүртгэлд орно. Ингээд цаашид харъяа дүүргийн аж ахуй нэгж байгууллагууд, төрийн албан тушаалтнууд, сонирхогч этгээдүүдэд хөдөлмөрийн маргаан, хөдөлмөрийн эрхзүйтэй холбоотой сургалт явуулах боломж бүрдэж байна. Сургалтад хамрагдсанд их баяртай байна" хэмээн ярьсан юм.