Нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобуснуудтай холбоотой хэргүүдийг АТГ, ЭЦА-нд шалгаж буй билээ. Энэ хүрээнд “Эрдэм транс” ХХК-ийн ерөнхий захирал Ямааранзын Эрдэнэбилэгийг цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн сурвалжилж эхэлснээ зарлалаа. Түүний үүсгэн байгуулсан компанийнхан БНСУ-аас “Хьюндай” загварын автобус оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ Монголд ашиглах насжилтыг нь уртасгаж нэмэгдүүлэхийн тулд автобуснуудын арлын дугаар, оныг нь засаж хуурамч баримт бүрдүүлэн АТҮТ болон нийслэлийн Нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн гэдэг. Улмаар тухайн автобуснуудынхаа татаасанд улс, нийслэлийн төсвөөс их хэмжээний санхүүжилт авдаг байсан хэрэгт Я.Эрдэнэбилэгийг холбогдуулан өнгөрсөн есдүгээр сараас шалгаж эхэлсэн билээ. Түүнд Эрүүгийн хуулийн 17.3-т заасан эд хөрөнгө залилан мэхэлж авсан, 18.6-гийн мөнгө угаасан, 23.2-ын хуурамч бичиг баримт ашигласан гэх үндэслэлээр хэрэг нээгээд байгаа бөгөөд гүйцэтгэх захирал Д.Хатанбаатарыг нь яллагдагчаар татан хамтатган шалгаж буй.
Бидний авсан мэдээллээр “Эрдэм транс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй 224 автобуснаас 135-ынх нь арлын дугаар, оныг нь өөрчилсөн нь батлагдсан гэнэ. Тухайлбал, арлын дугаарыг нь арилгасан, өөрчилсөн, тоо, цифр нь зөрсөн, гэрчилгээ байхгүй гэх мэт үйлдлүүд тодорхой болсон аж. Тус компани хуучин автобусны оныг “залуужуулж” үйлчилгээнд явуулснаараа өнгөрсөн онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэх мэдээлэл ч бий.
Я.Эрдэнэбилэгийн тухайд өнгөрсөн есдүгээр сард “Эрдэм транс” ХХК-ийн байранд нэгжлэг хийх үеэр 99112.... дугаарын утсаа салгаж алга болсон бөгөөд түүнээс хойш цагдаагийнхан хаана байгааг нь тогтоохоор мөрдөн шалгаж буй гэсэн. Тиймээс Я.Эрдэнэбилэгийг орон даяар эрэн сурвалжилж, түүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 86225533, 91863399 дугаарын утсаар хүлээн авч, мэдээллийн нууцлалыг чанд хадгалахаа илэрхийлсэн байна. Тэрбээр өмнө нь автобусны маршрут тодорхойлогч GPS гэж хэлж болох “МТ-150” төхөөрөмжийг суудлын автомашинд олноор нь ачиж яваад гүйцэтгэлийн мөнгө завшсан хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгуулах үедээ хилээр гарч, БНСУ-д орогнож байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсны дараа эх орондоо ирж байв.