Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нар тус компанийн удирдлагад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. Үүнийг прокурорууд эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан мэдүүлэг авсан, шүүх хүсэлт гаргасан иргэдийг хохирогчоор тогтоох, эсэхийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх, мөн хохирлын тооцооллыг шүүх хуралдаанаар хийх боломжтой гэж Хөвсгөл аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар дүгнээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болголоо.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас “Бэлтэсмөрөн” компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, энэ оны хоёрдугаар сард шилжүүлсэн билээ. Дээрх яллагдагч нар бүлэглэн Хөвсгөл аймагт тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” гэгчийг байгуулж, хүмүүсийг төөрөгдүүлэн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасныг цагдаагийнхан тогтоосон юм.