Манай улсад хүн амын насжилт нэмэгдсээр байна. Энэ нь цаашид ч нэмэгдэж, удахгүй Монгол Улс “хөгшин” орны ангилалд багтана. Хүн амын насжилт өсөх нь зүгээр нэг тоо, статистик төдий биш. Харин ахмадуудын нийгмийн асуудалд анхаарах, ул суурьтай арга хэмжээ авах цаг үеийн хэрэгцээ шаардлага хэдийн үүссэнийг улс орнуудад сануулдаг чухал үзүүлэлт. Тэр дундаа өндөр настнуудын хэрэгцээнд бүрэн нийцсэн асрамж, халамжийн төвүүд байгуулахыг “шаарддаг” аж. Харамсалтай нь, манай төр, засаг үүнийг төдийлөн тоохгүй байна.
АСРАМЖИЙН ГАЗРЫН АХМАДУУД “ҮЗҮҮЛЭН” БИШ
Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв 12 бий аж. Тэдгээр нь 400 гаруй хүнд л үйлчлэх боломжтой гэнэ. Манай улсад ахмадуудын ойролцоогоор таван хувьд нь асрамж, халамжийн үйлчилгээ нэн шаардлагатай гэсэн тооцоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан байдаг аж. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж буй төвүүд нь нийт ахмад настны нэг хувийг ч хүлээн авах хүчин чадалгүй байгаа юм. Асрамжийн газруудын найм нь төрийн мэдлийнх, дөрөв нь хувийн хэвшлийнх гэнэ.
Бэлгэдлийн чанартай баримт бичгүүд ингээд дуусахгүй. Засгийн газраас 2020 оны гуравдугаар сард Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр баталжээ. Асрах төвийн хоол, эмчилгээний төсвийг нэмэгдүүлж, барилга байгууламжийг сайжруулан, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тус хөтөлбөрт заасан аж. Гэсэн ч дараа жил нь буюу 2021 онд хөтөлбөрийг хүчингүй болгосон байна.
Монголын ахмадын холбооноос мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар манай улсад нийт ахмадын нэг орчим хувь буюу 3963 нь харж хандах үр хүүхэдгүй, 7815 нь хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтэй байна. Мөн бусдын байнгын асрамжид 18 400 гаруй ахмад настан байдаг аж. Энэ бол зөвхөн дээрх холбооныхны судалж, бүртгэсэн тоо. Харин ийм тоон мэдээлэл төрийн байгууллагуудад байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагынхан нь ахмадуудынхаа амьдралын нөхцөл байдлыг ч бүрэн тодорхойлж чаддаггүй гэсэн үг.
Асрамжийн газруудаас хамгийн том, олны сайн мэддэг нь Төв аймгийн Батсүмбэр сумд байрладаг. 1924 онд байгуулагдсан хэмээдэг тус байгууллага ирэх онд 100 жилийнхээ ойтой золгоно. Гэхдээ ийм олон жилийн түүхтэй гэж бардамнахад ичмээр нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулсаар өдий хүрлээ. Салбарын бүх сайд, УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагын дарга нар тэнд үе үе очиж, нөхцөл байдалтай нь танилцсан нэр зүүгээд, түүнийгээ хэвлэлээр мэдээлэхээс хэтэрдэггүй. Хэцүүхэн орчинд өдрийг өнгөрөөж буй ахмадууд “үзүүлэн” маягтай байдаг гэхэд хилсдэхгүй. Дарга нар очлоо гээд асрамжийн газар өөрчлөгдсөнгүй, бахь байдгаараа л үлдсэн жишээ нь энэ.
БЭЛГЭДЛИЙН ЧАНАРТАЙ ХУУЛЬ, ЖУРАМ
“Би Германд оюутан байхдаа ахмадын асрамжийн газарт олон жил ажилласан юм. Ирээд “сениор хаус” байгуулна гээд шуурхай ажилдаа орсон. Даанч эмч эгч маань манайд хууль байхгүй, нэг настан бурханд одоход чи баларна, толгой цусдах ажил гэж хэлсэн нь одоо ч сонсогдож байна. Тэгээд тэр мөрөөдлөө орхисон юм. Ийм үйлчилгээ явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Бид эцэг, эхээ асардаг өв уламжлалтай ч орчин цагт энэ нь боломжгүй болчхоод байгаа шүү дээ” гэж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа цахим орчинд байр сууриа илэрхийлсэн байлаа.
Үнэхээр ч манайд хууль, эрх зүйн орчин хангалтгүй аж. Холбогдох хууль, журмуудад энэ талаар тусгасан байдаг ч тэдгээр нь учир дутагдалтай, бэлгэдлийн чанартай юм байна. Тухайлбал, 2017 оноос хэрэгжүүлж буй Ахмад настны тухай хуульд ахмадад үзүүлэх үйлчилгээг есөн төрлөөр тодорхойлжээ. Тэдгээрийн нэг нь асрамжийн үйлчилгээ. Түүнчлэн тус хуулийн 7.5-д хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ахмад настны асрамжийн газрыг төрөөс бодлогоор болон санхүүжилтээр дэмжихээр заажээ. Үүний дагуу 2018 онд Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хамтарсан тушаал гаргаж, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталсан нь одоо хүртэл хүчинтэй. Гэхдээ эл журам хэт ерөнхий заалтуудтай, нарийвчилсан зохицуулалтгүй нь учир дутагдалтай аж. Жишээ нь, дээрх журам ёсоор хувийн хэвшлийнхэн төрийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр ахмадуудыг асран халамжилдаг гэнэ. Хамгийн гол асуудал нь санхүүжилтээ авах гэж тэд нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг юм байна. Мөн улсаас өгдөг санхүүжилт нь хэтэрхий бага бөгөөд ялангуяа сүүлийн жилүүдэд бараа, бүтээгдэхүүн, эмийн үнийн өсөлтөөс шалтгаалан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсныг хувийн хэвшлийн нэгэн байгууллагын төлөөлөл хэлсэн. Улмаар тэд үйл ажиллагаагаа зогсооход хүрч болзошгүйг ч тодотгосон юм.
Бэлгэдлийн чанартай баримт бичгүүд ингээд дуусахгүй. Засгийн газраас 2020 оны гуравдугаар сард Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр баталжээ. Асрах төвийн хоол, эмчилгээний төсвийг нэмэгдүүлж, барилга, байгууламжийг сайжруулан, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тус хөтөлбөрт заасан аж. Гэсэн ч дараа жил нь буюу 2021 онд хөтөлбөрийг хүчингүй болгосон байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар өнгөрсөн оны зургаадугаар сард “Ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний загварыг турших 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө” гээчийг баталсан гэнэ. Дарга нарын “амны уншлага” болсон “Алсын хараа-2050” бодлогод ч “Ахмад настанд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвүүдийг байгуулсан байна” гэж заажээ. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга зам нь алга.
ТӨРӨЛЖҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ
Эрх баригчдын мөрөөдлөө тусгасан бас нэгэн баримт бичиг нь Нийгмийн халамжийн тухай хууль аж. Уг хуулийн 19.2.1-т тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмад настныг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулахаар заасан юм байна. Харин бодит байдалд ихэнх асрамжийн газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд хамт үйлчилгээ үзүүлж байгааг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын энэ онд гаргасан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл”-д дурджээ. Өндөр настнуудын эрх зөрчигдөж байгаа, эсэхийг шалгасны үндсэн дээр тус комиссынхон “Асрамжийн газрууд төрөлжүүлсэн үйл ажиллагаа явуулдаггүй. Төсвийн хүрэлцээгүй байдал, хүний нөөцийн хомсдолоос шалтгаалан ахмад настны өдөр тутмын хэрэгцээ шаардлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор нь үзүүлж чадахгүй байна. Тухайлбал, ахмад настны дунд сэтгэл гутралд өртөх асуудал их байдаг ч сэтгэл зүйчийн орон тоо хүрэлцээгүйгээс тэдэнтэй ярилцах, үзэл бодлоо хуваалцах боломж хязгаарлагдмал. Иймд асруулагчид зориулсан эрүүл мэндийн болон сэтгэл заслын хөтөлбөрийг хэрэгжүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг тогтмол үзүүлэх шаардлагатай байна” гэж дүгнэжээ.
Эдгээрээс үзвэл ахмадуудаа асарч, халамжлах хэрэгтэй гэж эрх баригчид уриа мэтээр бичиж, журамлажээ. Харин тэдгээрийг нэгтгэх, цэгцлэх бодлого, хууль л үгүйлэгдэж байна. “Япончууд, америкчууд аав, ээжээ хардаггүй, хөгшрөхөөр нь асрамжид өгдөг” гэж монголчууд жигших шахам ярьж ирсэн гэхэд буруудахгүй. Харин өнөө цагт энэ үзэл бодол хоцрогдоод байгаа. Асрамжийн газруудыг байгуулж, хөгжүүлэх нь хөгшдөө хаях тухай асуудал бус, харин ч тэдний тусын тулд хэрэгжүүлэх ёстой ажил гэсэн байр сууриа АН-ын гишүүн Ц.Оюундарь олон нийтэд хуваалцжээ. Тэрбээр “Монголчууд нүүдэлчин учраас тал дүүрэн бэлчсэн малдаа xүүxдүүд нь голдуу явж, томчууд нь гэртээ байж, хөгшчүүлээ асран, идээ ундаагаа бэлдэх бүрэн боломжтой байсан. Тиймээс ахмадуудаа асрамжид өгөх шаардлагагүй байж. Харин өнөө цагт монголчууд малчин болох нь цөөрч, суурин иргэншлийн замд орон, байр, машин авах нь олширсон. Тогтмол цалинтай газраа үнэнчээр ажиллах шаардлагын улмаас гэртээ байх хугацаа нь багассан. Иймээс xөгшчүүдээ гэртээ ганцааранг нь үлдээx нь иxэссэн тул асрамжийн газар байгуулахын чуxлыг бодлогын хэмжээнд яриx цаг болсныг олж харлаа” хэмээсэн байв. Түүнчлэн ахмадуудыг гэртээ “хорих” нь ганцаардлын өвчинд автуулах, элдэв аюул, осолд өртөх шалтгаан болдгийг дурджээ.
ХУУЛЬ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ
Япон Улс ахмадуудын нийгмийн асуудал, ялангуяа тэднийг асарч, халамжлах үйлчилгээний чанар, хүртээмжээрээ дэлхийд тэргүүлдэг. Тус улс 1982 онд Ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиа баталж, түүндээ үндэслэн 1990 оноос асаргаа, сувилгаатай холбоотой байгууллагуудын үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотой хөгжүүлжээ. Өдгөө ахмад настнуудынх нь 80 орчим хувь нь асрамжийн, өдөр өнжүүлэх төв зэргээс үйлчилгээ авдаг байна. Түүнийг дагаад асрамжийн газруудын хэрэгцээ өсөж, ажиллах хүчний эрэлт маш их байдаг аж. Япон руу асаргааны ажилд тогтмол зуучилдаг олон компани манай улсад үйл ажиллагаа явуулдгаас үүнийг ойлгож болно.
Японоос “зээлж” болох бас нэг санаачилга нь асаргааны даатгал гэдгийг Геронтологийн үндэсний төвийнхөн онцолсон. Энэ нь иргэн хөдөлмөр эрхлэх үедээ асаргааны даатгалд тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулж, тэтгэвэрт гарсны дараа түүгээрээ үйлчилгээ авдаг систем юм байна. Үүнтэй төстэй санаачилгыг бодлогын түвшинд хэрэгжүүлж, ирээдүйд өсөн нэмэгдэх настнууддаа үзүүлэх үйлчилгээг одооноос хөгжүүлэх шаардлага байгааг тус төвийнхөн хөндсөн юм. Мэдээж үүнээс гадна өндөр хөгжилтэй бусад оронд ч настнуудынхаа нийгмийн асуудлыг оновчтой шийдсэн туршлага, жишиг олон бий.
Монгол Улсын хүн ам 2050 онд таван саяд хүрэх тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Тэр үед таван хүн тутмын нэгийг 60-аас дээш насныхан эзлэх нь. Тухайн нөхцөл байдалд бэлдэхийн тулд шийдвэртэй арга хэмжээг одооноос хэрэгжүүлэх цаг болжээ. Одоо бол асрамж зайлшгүй хэрэгцээтэй ахмадуудынхаа 10 гаруйхан хувийг л анхаарч байна шүү дээ. Уг ажлыг төр өөрөө хийж чадахгүй юм бол энэ салбар луу орох боломжийг хувийн хэвшлийнхэнд хуулиар бүрдүүлж өгье. Хууль санаачлах боломж нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Х.Булгантуяа сайдад уг нь бий. Харин ийм сэтгэл л алга. ХНХЯ ахмадуудаа алагчилдаггүй байгаасай.
Бэлтгэсэн: М.Оч