Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч “Фүжи девелопмент” компани барилгын суурь ухахдаа архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлсэн зөрчил гаргажээ. Тодруулбал, тус компани Нэхмэлийн шарын VII байрыг дахин төлөвлөхөөр ажиллаж буй бөгөөд уг орон сууцын сууринд шинэ барилга барихаар суурийг нь ухахдаа төлөвлөлтөд заасан хэмжээнээс хэтрүүлсэн юм байна. Энэ талаар оршин суугчид гомдол гаргасны дагуу хотын удирдлагууд өчигдөр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцжээ. “Фүжи девелопмент” компанийн захирал Н.Мөнхбаяр энэ үеэр “Хуучин байр нь 64 метр урт, 15 метр өргөн, гурван давхар барилга байсан. Бид тус барилгыг буулгаж, хоёр давхар 292 машины далд, 70 машины ил зогсоолтой, үйлчилгээний зориулалттай дөрвөн давхар барилга барихаар төлөвлөсөн. Бид нийтийн эзэмшлийн талбай, цахилгаан шат, ослын шатны хонгил хийхийн тулд өргөнийг нь таван метрээр сунгах хүсэлт гаргасан юм. Гэтэл холбогдох байгууллагуудаас одоо болтол шийдвэр, хариу өгөхгүй байгаа” гэжээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тус газарт шалгалт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагш 4.5, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын суурь ухсан байжээ. Тодруулбал, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй атлаа барилгын суурийг дур мэдэн хэтрүүлэн ухсаныг илрүүлснийг дээрх газрын дарга Ц.Тулга мэдэгдсэн байна. Тиймээс “Фүжи девелопмент” компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч биелүүлээгүй аж. Нийслэлийн удирдлага тус компанийнханд өчигдөр мөн л зөрчлөө арилгаж, барилгыг төлөвлөгөөнд заасан газарт барихыг сануулжээ.
Бэлтгэсэн: М.Оч