Zarig.mn сайтын зохион байгуулж байгаа “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг яг одоо Туушин зочид буудалд болж байна. Уг хэлэлцүүлэгт цэргийн албанд татагдаад амь насаа алдсан талийгаачдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд оролцож өөрсдөд нь тохиолдсон хэргийг ярьж байгаа юм.
Кейс 1: н.Батбаяр дөнгөж 20 насандаа буюу 2010 оны 10 дугаар сард цэрэгт татагдан, 11 дүгээр сард нь 805-р анги руу хуваарилагдсан. Ингээд 12 дугаар сараас толгой нь өвддөг болж, жагсаалын үеэр ухаан алдаж унадаг болчихсон байсан. 4 хал цэрэг талийгаачийг зодсоор байгаад тархины гэмтэлтэй болгож, цаг үргэлж мөнгө, утасны нэгж нэхдэг байжээ.
Хамгийн анх зодсон шалтгаан нь талийгаач спортоор хичээллэдэгтэй холбоотой бөгөөд “Чи спортоор хичээллэдэг гэсэн биз дээ. Шанаа даана биз дээ” гэжээ.
Тархины гэмтэл нь сэтгэц рүүгээ орж, шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтээд сүүлдээ тархи нь харваад дараа оны 8 дугаар сард нь нас баржээ. Хамгийн гол нь тархины гэмтлээс болж нас барсан байхад нас барсны дараах шүүх шинжилгээний задланд ороход сүрьеэгийн менингит гэж гарсан.
Кейс 2: 2002 онд цэргийн албанд татагдаад, таван сарын дараа биедээ хүнд гэмтэл авч халагдсан. Яг одоо миний биед ил харагдах шарх сорви байхгүй ч надад өвдөхгүй эрхтэн гэж байдаггүй. Шарх сорвитой гэж харагдуулахгүйн тулд цэргүүд битүү зоддог. Тухайлбал, гартаа алчуур ороож байгаад зодохоор шарх сорви үлддэггүй. Миний бүх шүд хөдөлсөн, нуруу, хөл одоо болтол өвддөг. Би амьд сүг болсон.